Tuesday, November 5, 2013

Стресс менежмент

Бүх юм хааяа хэцүү санагдаж, дааж давшгүй ачаа үүрээд байгаа мэт мэдрэмж төрж байсан уу? Эсвэл хий дэмий бухимдаж, уцаарлаж, юм бүхэн болохгүй зүг рүүгээ эргээд байгаа мэт мэдрэмж төрдөг үү? Өнөөгийн нийгэмд буюу орчин цагт бухимдал гэдэг зүйл хаа сайгүй таныг ч бусдыг ч дагах болжээ. Замын түгжрээ, цаг завгүй амьдрал, ажлын байран дээр болсон асуудал гээд шөнө ч нойрыг чинь хулжаадаг асуудлуудаас үүдээд бид “стресс” гэсэн үгийг олонтаа хэрэглэх болж.



Тэгвэл тэр “стресс” тийм муу зүйл үү? Түүнийг бид яаж ч хичээгээд шийдэж чадахгүй юу? Хариулт нь тун энгийн “үгүй”. “Стресс” гэдэг та бидний бодож байгаа шиг тийм ч айхтар муу зүйл биш, тунг нь тааруулвал эерэг хүчин зүйл ч болдог. Дээрээс нь та бид бодож байгаагаасаа ч илүү “өөрийн хяналт”-тай байдаг ба тэрхүү сөрөг стрессийг даван туулах хүч чадал бүгдэд нь бий. Яаж гэдэг арга замыг танд хүргэе.


“Стресс менежмент” нь бүхэлдээ “стресс”-ийг өөрийн мэдэлд оруулах буюу өөрөө өөрийгөө хянан захирах ухаан л юм. Энэ нь өөрийн бодол, сэтгэл хөдлөл, зохион байгуулалт, асуудлыг шийдвэрлэх арга барилдаа хяналт тавьж, хэсэгхэн өөрчлөлтийг хийх гэсэн үг.

Стрессийг үүсгэгч хүчин зүйлсээ тодорхойл. Стресс менежмент нь таны амьдралд стресс, бухимдлыг үүсгээд байгаа тэр хүчин зүйлсээ тодорхойлсноор эхэлдэг. Энэ нь харагдаж байгаа шигээ тийм ч хялбар зүйл биш юм. Учир нь жинхэнэ үүсгэгч хүчин зүйлс нь үргэлж илэрхий байж чаддаггүй. Ялангуяа өөрийнхөө бодол, зуршил, зан үйлээ үнэлж дүгнэн, шинжилнэ гэдэг хэцүү. Гэхдээ хичээвэл боломжтой. Тухайлбал та мэдээж ажлаа хугацаанд нь амжуулахгүй байх вий гэхээс айж, стрессдэж байж болох юм. Гэтэл яг үнэндээ стрессийн эх үүсвэр тань ажлаа амжуулах сүүлийн хугацаа чинь биш харин хийх ёстой ажлаа хойшлуулж байсан тэр зуршил чинь юм.

Стрессийн эх сурвалжыг тодорхойлохын тулд өөрийн хандлага, зуршил, шалтгаанууддаа дүн шинжилгээ хийх хэрэгтэй:
·         Та стрессийн талаар байнга ярьдаг уу? /Толгойны үснээс их ажилтай байна, өөртөө цаг ч гаргаж амжихгүй юм гэх мэт/
·         Та стрессээ өөрийн нэг хэсэг мэтээр ойлгож, хүлээж авдаг уу? /Юу ч хийсэн үргэлж л стресстэй байдаг, би угаасаа л ийм хүн, юманд санаа зовохгүй байж чаддаггүй гэх мэтээр/
·         Та ямар нэгэн стресст хүчин зүйлийг үргэж бусад руу эсвэл нөхцөл байдал руу түлхдэг үү? /Захирал л ийм байгаагүй бол би ингэтлээ стрессдэхгүй байсан гэх мэт/
·         Бүр эсрэгээрээ стрессийг байх ёстой зүйл гэж хүлээж авдаг уу? /Ажил үргэлж л стресстэй байдаг, хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй гэх мэт/

Стрессийн эх сурвалж буюу хүчин зүйлсийг зөв тодорхойлсноор та ядаж л юунаас болоод бухимдаж, юунаас болоод нойргүйдээд байгаагаа ойлгоно. Тэгээд өөрөөс чинь шалтгаалах зүйл байна уу эсвэл огт өөрөөс чинь шалтгаалаагүй байна уу гэдгийг ангилж чадах юм. Нэгэнт ангилсан бол та юу хийж чадах, юу хийж чадахгүйгээ мэдэж авна шүү дээ. Нэгэнт таны зүгээс хийх юм байхгүй бол та энд стрессдээд ямар үр дүнд хүрэхэв дээ, тийм үү?

Стресстэй хэрхэн тэмцэж буй аргаа тодорхойл.Амьдралдаа тохиолдсон сөрөг асуудлууд, стресс бухимдлыг хэрхэн зохицуулдаг, яаж даван туулдаг өөрийн арга барилаа эргэн нэг харах цаг иржээ. Та сөрөг стресстэй эрүүлээр тэмцээд байна уу эсвэл эрүүл бус аргаар тэмцээд байна уу. Өөрийн тань арга барил үр дүнгээ өгч, тусалж чадаж байна уу эсвэл үгүй юу гэдгийг туршлагаасаа харах хэрэгтэй. Харамсалтай нь ихэнх хүн буруу аргаар тэмцээд асуудлыг улам л хурцатгаад байдаг байна.

Стресстэй тэмцэх эрүүл бус, үр дүнгүй аргууд нь:


·         Тамхи татах
·         Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх
·         Хоолны дуршил хэт нэмэгдэх эсвэл хэт буурах
·         Телевиз, компьютерийн урд хэт их цагийг өнгөрөөх
·         Найз нөхөд, гэр бүлээсээ хөндийрч, цагийг идэвхитэй өнгөрүүлэхээс татгалзах
·         Амарч тайвшрахын тулд мансууруулах төрлийн эм, бодис хэрэглэх
·         Хэтэрхий их унтах
·         Юмыг хойш нь тавих, зугтах
·         Асуудалтай нүүр тулахаас байнга зайлсхийх
·         Бусад руу стрессээ халдаах буюу уцаарлах, уураа гаргах, бухимдах, зарим тохиолдолд хүч хэрэглэх гэх мэт



Стрессээ зохицуулах шинэ, эрүүл арга барилд суралцах:
Нэгэнт дээрх аргууд үр дүнгүй, дээрээс нь хор уршигтай нь тогтоогдсон тул одоо танд хамаагүй ашигтай эрүүл аргад суралцах цаг иржээ. Тийм түм буман арга байдаг ч бүгд нэг л зүйлийг шаарддаг. Тэр нь бяцхан хэмжээний өөрчлөлт юм. Та өөрийнхөө байгаа нөхцөл байдлыг эсвэл өөрийн хариу үйлдлийг өөрчлөхөд л хангалттай. Алийг нь сонгохоо эргэлзэж байвал 4А-г бодоод үзээрэй. 4А: avoid- зайлсхийх, alter- өөрчлөх, adapt- дасан зохицох, or accept- хүлээн зөвшөөрөх

Хүн бүр стрессийг зохицуулах өөрийн гэсэн өвөрмөц арга барилтай байж болно. Угаас хүн бүр өөр өөрийн гэсэн онцлогтой тул бүгдэд нь таарах шилдэг арга гэж үгүй. Өөртөө тохирсон аргыг л олж чадвал, бүх арга шилдэг юм.

Стресс бүхий нөхцөл байдлыг зохицуулах нь: 4A
Нөхцөл байдлыг өөрчлөх
Хариу үйлдлээ өөрчлөх
-          Стрессийг үүсгэгч хүчин зүйлсээс зайлсхийх
-          Стрессийг үүсгэгч хүчин зүйлсэд дасан зохицох

-          Стрессийг үүсгэгч хүчин зүйлсийг өөрчлөх
-          Стрессийг үүсгэгч хүчин зүйлсийг хүлээн зөвшөөрөх

Тухайлбал ажлын байран дээр гарч буй зөрчил зөвхөн тэр нэг хүнээс шалтгаалж байна гэж бодьё. Муугар бодвол шүү дээ. Тэгвэл түүнээс болж стрессдэхийн оронд зүгээр л тухайн хүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх /энэ хүн угаасаа л ийм хүн шүү дээ /, эсвэл дасан зохицож аль болох эерэг аргаар хамтран ажиллаж болох юм. Харин тухайн хүнийг өөрчилнө гэдэг туйлын хэцүү л болов уу. Хүний хандлага өөрчлөгдөхийн тулд маш их тэвчээр, дээрээс нь хүч хөдөлмөр зарцуулна. Мөн тухайн хүн өөрөө хүсэж байж л өөрчлөлтийг эхлүүлнэ. Тиймээс өөрөөсөө өөр хэн нэгнийг өөрчилнө гэдэг хамгийн муу хувилбар байж болох юм.

Стресс менежментийн эхлэл бол эхлээд стрессийн эх сурвалж болон түүнтэй хэрхэн тэмцэж буй өөрийн арга барилдаа дүн шинжилгээ хийх юм. Үүний дараагаар өөрт тохирох шинэ арга барилд бяцхан өөрчлөлтийн тусламжтайгаар суралцсанаар сөрөг стрессээс ангижрах таны аялал үр дүнгээ өгч эхэлнэ. Мэдээж тэр арга барилд тань нэмэр болохуйц хэд хэдэн шипи байгаа ба дараагийн нийтлэлд танд хүргэе. Стрессийг зохицуулагч нь та өөрөө юм шүү. Амжилт хүсье!


-          Дараагийн нийтлэлд стресс менежмент стратеги # 1,2,3,4,5,6-г хүргэнэ -

Friday, October 25, 2013

Менежер, удирдлага хоёрын ялгаа 

Нэгэн залуу менежер ийн асуусан байна. “Би удирдлагын талаарх бүхий л нийтлэл, номуудыг уншлаа. Тэднээсээ хэрэгжүүлэхийг нь хэрэгжүүлж, арга барилдаа ашиглаж байгаа. Миний бодлоор би багаа ч сайн удирдаж, ажлаа ч сайн явуулж байгаа. Тэгээд гол нь хэзээ өөрийгөө менежерийн түвшнээс удирдагчийн түвшинд очсон байна гэдгээ бүрэн мэдэрч болох вэ? Түүнийгээ яаж мэдэх вэ”. Магадгүй энэ бүхий л менежрүүдэд тулгардаг асуулт байх. Тиймээс хариултыг нь хамт олцгооё.

Менежер удирдагчийн хоорондын ялгааг гаргасан маш олон нийтлэл, судалгааны ажил, ном зохиол бүтээлүүд байдаг. Гэхдээ бидэнд цогц бас ойлгомжтой тайлбарыг өгсөн нь ховор юм. Гэтэл аль тэртээ 1977 онд Harvard Business ReviewAbraham Zaleznik менежментийн уламжлагдан ирсэн  өнцгийг сорьсон нэгэн нийтлэл гаргасан ба энэ нь та бидний асуултад хариулт өгөх, шалгарсан нийтлэл болж чаджээ.

Менежер удирдагч хоёрын хоорондох ялгааг энэ нийтлэлд гаргасан бөгөөд /Доорх хүснэгтээс товчилсон хувилбарыг харж болно./ байгууллага удирдагчийг хэрхэн бий болгох арга замуудыг ч мөн судалж нийтэлжээ. 

Та бүхэн бүрэн эхээр нь 
http://share.gogo.mn/gavwPJhooq10381382667010/743_managers-leaders-different_Zaleznik.pdf татаж авч уншаарай. Амжилт хүсье!

Менежер
Удирдагч
Зорилго өөд чиглэсэн хандлага
Бие даасан бус, идэвхигүй /пассив/

Зорилго нь хүсэл зоригоос урган гарах бус шаардлагатай, хэрэгцээт нөхцөл байдлаас үүдэх
Бие даасан, идэвхитэй шинжтэй. Шинэ санал санаачлагад хариу үзүүлэхээсээ илүү бий болгож, боловсруулдаг. Зан авирыг хувирган өөрчилдөг, дүр зураг, хүлээлтийг бий болгодог.

Компаний чиг шугамыг тодорхойлдог. Хүмүүсийн санал бодлыг өөрчилдөг.
Ажил үүргийн концепци
Хэлэлцэн тохирох, шаардлага тавих. Үзэл бодлуудын танцвэрийг хангах.

Төвийг сахих, хязгаарлагдмал сонголт

Эрсдэлээс татгалзах
Асуудлуудыг шийдвэрлэх шинэ арга замыг тодорхойлох

Сонголтуудыг өргөн болгох. Бий болсон нөхцөл байдалд шинэ санал, санаачлагыг нэвтрүүлэх

Үр ашгийг харгалзан үзэж, хэрэв ашиг авчрах бол эрсдэлийг хүлээн авах буюу даван туулах
Бусадтай харилцах харилцаа
Хүмүүстэй ажиллахыг эрхэмлэдэг боловч аль болох бага сэтгэл хөдлөл үзүүлэх. Ойлгож хүлээн авах нь дутмаг.

Үйл явцад анхаарал төвлөрүүлдэг. Тухайлбал ямар шийдвэр гаргахад анхаарахаас илүү тухайн шийдвэрийг хэрхэн гаргахад анхаардаг.

Бусадтай харилцахдаа бүдэг, тодорхой биш. Шууд удирдлаган дахь ажилтнууд нь үүнийг нууцлаг, ойлгомжгүй зэргээр хүлээн авдаг.
Шинэ санаа, санаачлагыг дэмждэг. Бусадтай харилцахдаа шууд, дотно, ойлгосон байдлаар харилцдаг.
Шийдвэр гаргах болон шийдвэр гаргалтад оролцож буй хүмүүст илүү анхаарал хандуулдаг.

Шууд удирдлаган дахь ажилтнууд нь тодорхойлохдоо илүү сэтгэл хөдлөлөөр ханддаг. Бусадтай тогтоосон харилцаа нь илүү хүчтэй, албан бус байдаг.
Өөрийгөө тодорхойлох нь
Тухайн оршин буй байгууллагын нэг хэсэг үргэжлэл хэмээн өөрийгөө хүлээн авдаг.

Байгууллагын ажилтан болон эдийн засгийн харилцаа хоёрын хоорондох зөрчилдөөнд өөрийгөө байгаагаар хардаг. Байгууллагаас өөрийгөө тусгаарлаж мэдэрдэг.




Sunday, October 20, 2013

ДАВУУ ТАЛДАА СУУРИЛЖ ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛОХ НЬ
“Бүх түвшний менежерүүдэд зориулав”


First know, then make the most of, what you do best
by Jim Asplund and Nikki Blacksmith

Эдийн засаг сайн ч, муу ч байсан ихэнхи байгууллагууд өөрсдийн бүтээмжийг өсгөхийг ямагт эрэлхийлж байдаг. Өөрийн ажлыг хөнгөвчилж, үр дүнд хүрэхийг хүсэж буй менежрүүдийн хувьд нэн тэргүүнд хийх ёстой зүйл бол өөрийн удирдлаган дор ажиллаж буй ажилтан бүрийг сайтар мэдэх явдал байдаг. Ингэснээр менежрүүд ажилтнуудынхаа гаргаж чадах амжилт, хэрхэн тэднийг сэдэлжүүлэх, үйлдэл, хэрэгжилтэнд хэрхэн анхаарал хандуулах зэрэг олон хүчин зүйлсийг олж мэдэх, улмаар байр сууриа бэхжүүлэх, байгууллагын соёл, уур амьсгалын эрүүл байдлыг хадгалахад чухал нөлөөтэй.

Юу хүлээгдэж буйг мэдэх.

Сая сая ажилтнуудаас авсан Gallup  /бизнес сэтгүүл/ -ийн судалгаагаар судалгаанд оролцогч ажилтнуудын талаас илүү хувь нь өдөр тутмын хийж буй үйл ажиллагаа, үүрэг даалгаврын биелэлтээс нь компани эсвэл удирдлага чухам юу хүлээж буйг мэддэггүй нь илэрсэн байна. Ажилтнууд өөрсдөө юуны тулд ажиллаад байгаагаа мэдэхгүй байна гэдэг компаний хувьд маш том сул тал, түгшүүр үүсгэх хүчин зүйл билээ. Компаний хувьд ийм тохиолдолд өмнөө тавьсан зорилгодоо хүрнэ гэдэг туйлын хүнд бөгөөд учир нь компаний ажилтнууд өөрсдийнх нь хийж буй зүйл тэр зорилгод компанийг хүрэхэд хэрхэн нөлөө үзүүлж буйг ойлгохгүй байна гэсэн үг юм.

“Үр бүтээл бүхий гүйцэтгэлийн хамгийн гол суурь бол юуг хамгийн сайн хийж чадах давуу талаа тодорхойлж, тэрхүү давуу талаа хийж буй ажил дээрээ авчран хэрэгжүүлэх юм” хэмээн Hewlett-Packard-ийн "байгууллагын ажилтан, дотоод харилцааны алба"-ны гүйцэтгэх захирал Nicole Helprin хэлсэн байна. “Өөрийн ур чадвар, авъяасыг ажлын байран дээрээ гаргаж байна гэж мэдэрсэн тохиолдолд тухайн ажилтны бүтээмж илүү өсч, илүү идэвхитэй, илүү амжилт гаргах магадлал өндөр болдог.”

Тухайн өөрөөсөө хүлээгдэж буй үр дүнг мэдэхгүй байна гэдэг байгууллагын бүтээмжийг бууруулах гол шалтгаан болдог. Түүнээс ч муу зүйл бол ажилтнууд юу хийх ёстойгоо бүрэн ойлгоогүй, юу хийх нь бүрэн тодорхой биш байх байдаг. Тиймээс удирдлаган доорх ажилтнуудынхаа хийх ёстой, биелүүлэх ёстой үүрэг даалгаврыг тодорхой болгох нь менежер хүний хувьд хамгийн чухал үүргүүдийн нэг. Үүний тулд:

1.      Удирдлаган доорх ажилтан тус бүрийнхээ юу хийх ёстой, ямар цаг хугацаанд үүрэг даалгавруудаа биелүүлэх ёстойг нарийвчлан гаргах. Гэхдээ яаж, хэрхэн хийх вэ гэдгийг нь гаргах ёсгүй. Шат дараалан юу юуг биелүүлж, гүйцэтгэсэн байх ёстойг нь биш, харин тэднээс хүлээгдэж буй гол үр дүнг тайлбарлан ойлгуулах хэрэгтэй.

2.      Ажилтан бүрийнхээ хамгийн том давуу талыг тодорхойл. Улмаар тухайн давуу тал нь хэрхэн тэднээс хүлээж буй үр дүнг биелүүлэхэд хэрэг болохыг тодорхойлж болох юм. Ингэснээр менежрүүд ажилтнуудынхаа үр дүнд хүрэх онцлог арга барилуудыг мэдэх боломжтой болж байгаа юм. Ажилтнуудынхаа давуу талыг сул тавьж,  өөрийн арга барилаар ажиллах боломжоор хангаснаар ажилтан өөрөө өсч хөгжихөөс гадна бүтээмж нь өсч, сэтгэл ханамж нь нэмэгдэх томоохон үзүүлэлт болно.

Helprin-ий хэлж байгаагаар өөрийнхөө давуу талыг олж мэдэн, ажил дээрээ түүнийгээ ашиглах нь хамгийн үр дүнтэй байна. “Давуу тал дээр суурилах нь өөрийн болон багийнхаа үр дүнд хүрэх замналыг гаргах, тэрийг хийж чадахгүй нь энийг хийх, энийг хийж чадахгүй нь тэрийг хийх гэсэн зарчмаар баг дотроо ажил үүргээ хуваарилан авахад хүртэл тус болдог. Улмаар менежрүүд удирдлаган доорх ажилтнуудаа зөв ажлын байран дээр тавих, хийж чадахуйц, зөв үүрэг даалгаврыг өгөхөд тус болно.”

Давуу талаа тодорхойлох нь

Gallup 11000 давсан ажилтнаас судалгаа авч дээрх асуултыг асуусан байна. “Би долоо хоног  бүр өөрийн ажлыг эхлэхдээ давуу тал дээрээ суурилсан ажлуудаа жагсаан зорилгоо тодорхойлог. ” Судалгаанд оролцогчдын ердөө 36% нь л дээрх өгүүлбэртэй санал нийлсэн байна. Үүнээс үзэхэд дийлэнхи ажилтнууд өөрийн давуу талыг тодорхойлоогүй болон ажилдаа тухайн давуу талаа ашиглахыг эрмэлздэггүй гэсэн үг юм. Харамсалтай нь судалгаагаар давуу талаа хийж буй ажилдаа ашигладаг ажилтнууд, ашигладаггүй ажилтнуудаас 7 дахин өндөр бүтээмжтэй, мөн тэр хэмжээгээр өөрийн хийж буй ажилдаа дуртай байдаг байна.

Мэдээж ажилтан бүрийнхээ давуу талыг тодорхойлно гэдэг бэрх, тэгээд ч ажилтан бүр өөрийн юунд сайн гэдгээ тодорхойлж чадаагүй байдаг. Гэсэн хэдий ч Gallup давуу талыг тодорхойлох арга замыг боловсруулсан байна. Энэхүү арга замыг the Clifton Strengths Finder хэмээн нэрлэсэн байна. Гэхдээ ажилтнуудын хувьд зөвхөн давуу талаа тодорхойлох нь хангалттай биш, харин тэрхүү давуу талуудаа хэрхэн ажлын байран дээр буюу хийж гүйцэтгэж буй ажилдаа тусгах вэ гэдэг нь л чухал. Улмаар давуу тал дээр суурилсан хөгжил гэсэн нэр томъёо гарч ирсэн байна.

Давуу тал дээр суурилсан хөтөлбөр нь байгууллагад санхүүгийн үр ашигтай. Gallup-ийн ажлуудын үр дүнд өдөр тутмын үйл ажиллагаандаа ажилтнууд өөрсдийн давуу талыг ашиглах нь үргэлж үр дүнд хүргэдэг гэдгийг нотолсон байна. Давуу тал дээр суурилсан хөтөлбөрийн гол суурь нь хамгийн түрүүнд зорилгоо тодорхойлох бөгөөд уг зорилгодоо хүрэх арга замаа боловсруулахдаа давуу тал дээрээ суурилах явдал юм.

Улмаар байгууллага амжилт гэдгийг юу гэж ойлгож байгаа, тухайн амжилтад хүрэхийн тулд ажилтан бүр хэрхэн ажиллах боломжтойг гаргаж ирдэг.

Энэ арга нь зөвхөн бүтээмжийг өсгөөд зогсохгүй ажилтан менежер хоёрын хоорондын харилцааг сайжруулж өгдөг. Улмаар менежер багийн гишүүдээ хэрхэн сэдэлжүүлэх аргаа ч олоход хялбар болдог. Энэ нь нэг ёсондоо ажилтнууд өөрийн юуг сайн хийдгээ мэдэх боломж, нөгөө талаар тэрхүү ур чадвараа бусдадаа харуулах боломжийг олгож байна.

Helprin-ий үзэж буйгаар давуу тал дээр тулгуурлан ажиллах нь тухайн багийн хандлага, зүг чигийг тодорхойлохоос гадна ажилтан бүрийг ойлгож, хүлээж авч байгаагийн илрэл болж чаддаг.

Давуу талаа олж мэднэ гэдэг нэг төрлийн аялал юм. Энэ нь хувь хүнээс эхэлж болох ч ихэнхи тохиолдолд ажилтан, менежер, байгууллагаас бүрдсэн багийн амжилтын эхлэл болдог. Нэгэнт энэ аялал эхэлсэн бол хүн бүр өөрийн болон бусдынхаа давуу тал, авъяас, ур чадварыг мэдэж, харилцан туршлага солилцож болдог. Эцэст нь түүн дээрээ тулгуурласан зорилгыг тодорхойлж, хүрэх арга замаа өөр өөрийнхөөр тодорхойлох нь байгууллагын амжилтын гол үндэс юм. 






Thursday, October 17, 2013

Байгууллагын соёл

Байгууллагын соёл гэж яг юу вэ? Өнөө үед ажилтан, удирдлага бүр байгууллагын соёл гэж ярьдаг боловч, түүний ард яг юуг хэлээд байгаагаа сайн ухамсарлаагүй байдаг. Нэгэн судалгаагаар нийт 500 корпорацийн 70% нь байгууллагын соёлын асуудлуудын талаарх мэдлэг байдаггүй нь илэрсэн байна (Шерритон, Штерн, 1997).


Корпарацийн соёл, уур амьсгал гэх мэтээр нэрлэгддэг байгууллагын соёл нь угтаа байгууллагад ажиллаж буй хувь хүмүүсийн хуваалцаж буй үнэ цэнэ, итгэл үнэмшил, уламжлал зэргээр тодорхойлогддог юм. Энэхүү соёл нь ажлын байран дах тохиромжит зан үйлийн хэм хэмжээг тогтоож (юу нь зөв, юу нь буруу гэдгийг ажилтнуудад ойлгуулж байдаг.), ажилтан, удирдлага хоёрын үүрэг роль, хүлээлтийг тодорхойлдог.

Тэгвэл тэрхүү соёл нь өөртөө олон дэд соёлыг агуулж байдаг байна. Тухайлбал “Монгол ахуй” гэдэг бол ердөө л нэг том соёлын дэд соёл юм. Яг үүн шиг байгууллага бүрийн салбар болон хэлтэсүүд нь өөрсдийн гэсэн зан үйл, хэм хэмжээг тогтоосон байгууллагын цогц соёлоос ялгагдах дэд соёлтой байж болно. Тэр салбар хэлтэс бүр өөрчлөлтөд хэрхэн хандах нь тухайн дэд соёлоос хамаардаг байна. Байгууллагын соёлыг та бидний мэдэх их дээд сургууль эсвэл коллежтой харьцуулж үзье.

Жишээ нь та өөрийн сурч буй их сургууль эсвэл коллежийг нэгэн том соёл бүхий байгууллага гэж авч үзвэл таны анги, хамт олон тэр соёлын дэд соёл байх болно. Харин соёл, уур амьсгал гэдэгт нь оюутан бүрийн мөрдөх шударга ёс, итгэлцэл зэрэг соёлын кодууд орно.



Хичээлийн эхний өдрөөс л ангид чинь үүсэх соёл тодорхой болж болох юм. Тухайлбал ангийхан чинь бүгд хичээлээ идэвхитэй хийдэг бол та ч гэсэн тэдний эгнээнд байхын тулд хичээлээ хийж эхэлнэ. Энэ бол тухайн ангийн уур амьсгал, соёлыг бүрдүүлж буй нэг том хүчин зүйл. Хэрэв багш нь цагтаа ирж хичээлээ заадаггүй бол аажимдаа оюутнууд нь хоцордог болно.

Байгууллага дээр яг л ийм үйл явц өрнөдөг гэсэн үг. Удирдагч буюу удирдлага нь ямар хэм хэмжээг баримтална, ажилтнуудын хандлага ч тийшээгээ чиглэж эхэлдэг. Мөн ажилтнуудын ихэнхи хэсэг нь ямар үнэ цэнэ, итгэл үнэмшил хуваалцаж байна яг л тийм уур амьсгал, соёлыг бүрдүүлж байна гэсэн үг. Байгууллагын соёл гэдэг өөрөө тэр тогтсон хэм хэмжээ, бичигдээгүй хуулиудын нийлбэр гэж ойлгож болох юм.



Тиймээс байгууллагын соёлыг бүрдүүлж буй гол хүчин зүйлс нь ажилтан та өөрөө, таны хамт олны бий болгож байгаа тэр хандлага, нийтлэг тал, түүнчлэн гол хүч болох удирдагч, манлайлагч нар юм. Байгууллагын тогтсон соёлыг өөрчилж болохгүй гэдэг маш өрөөсгөл ойлголт. Хамгийн гол нь тогтсон соёлынхоо эерэг үндсэн хэсгүүдийг авч үлдээд, шинэ соёлын /хүсэмжилж буй уур амьсгал, харилцаа холбоо/-г нэмж оруулах явдал юм. Үүнийг хийхэд тухайн соёлыг бүрдүүлж буй эд эс бүхэн хүчин чармайлт гаргах хэрэгтэй билээ. 


Tuesday, October 15, 2013

Зорилгын зарчим ба түүнд хэрхэн хүрэх вэ?


SMART зорилго

Зорилго тавьхад SMART гэсэн зарчмаар тавьбал илүү бодитой бас үр дүнтэй болдог. Юу гэсэн үг вэ гэвэл, зорилго нь:
S- specific /significant/- тодорхой, чухал
M-measurable /or meaningful/-хэмжигдэхүйц, ач холбогдолтой
А-attainable /action oriented/- хүрч болохуйц, бодитой, үйлдэлд чиглэсэн
R-relevant /rewarding/- чухал, ач холбогдолтой
T-time  bound- цаг хугацаатай

Нэмээд:
Үр дүнтэй, амжилтад хүрэхүйц зорилгыг тавихад дараах хэдэн зөвлөгөө тус болно.

·        Зорилго тавихдаа эерэгээр тавь. “..... алдаа дахиж гаргахгүй байх” гэсэн зорилго тавьснаас “..... мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх” гэх мэт

·        Нарийн тодорхойлох: Тавьсан зорилгодоо хүрэх цаг хугацаа, яаж биелүүлэх, шалгуур үзүүлэлт, хүрснээ хэрхэн хэмжих, зорилгоо биелүүлсэн тохиолдолд хэрхэн урамшуулах зэрэг бүхий л зүйлсийг нарийн тодорхойлсноор зорилгодоо хүрэхэд улам дөт болно.

·        Ач холбогдлоор нь ангил: Цагийн менежментэд яригдаж байсан хийх ажлуудаа чухлаас нь чухал бус руу нь эрэмбэлэх нь зорилгодоо хүрэх шатуудыг чинь ойртуулах болно.

·        Зорилгуудаа үргэлж бич: Бичсэн зорилгоо олон талаас нь харж улам илүү эрчимжүүл

· Зорилгуудаа биелүүлэхдээ жижиг жижиг алхмаар урагшлуул: Хэт том зорилгыг удаан хугацаагаар тавих нь зорилгод хүрэхгүй байх бас нэг шалтгаан болдог. Тиймээс хурдан хугацаанд хялбар хүрч болох алхмуудад хувааж түүнийхээ дагуу биелүүлэх нь үр дүнтэй.
·        Үр дүнг нь чухалчлахаас илүүлтэй хэрхэн үр дүнд хүрэх аргаа чухалчил: Зөвхөн юунд хүрэхийг хүсэж байгаагаа олж харах нь түүнд хүргэх арга замыг мартхад хүргэж болзошгүй. Хийж байгаа зүйлдээ анхаарлаа хандуулж нэг нэгээр нь биелүүлэх нь эцсийн үр дүнд хүрэх шатыг ойртуулж байгаа шүү дээ.

·  Бодитой зорилго тавь: Хэрэв тавьсан зорилго чинь биелэгдэхэд үнэхээр хэцүү, чамаас шалтгаалах зүйл бага бол түүнд хүрэх нь боломжгүй юм. Тиймээс хүрч болохоор зорилго тавих хэрэгтэй.

Зорилгодоо хүрэх нь:
Хэрэв тавьсан зорилгодоо ямар нэгэн байдлаар хүрсэн бол түүнээсээ ханамж авах нь үнэхээр чухал. Та чадсан шүү дээ. Өөрийгөө урамшуулах хэрэгтэй.



Бас өөрийн хүрсэн зорилгодоо анализ хийж доорхи хэдэн алхмуудыг хэрэгжүүлээрэй:

·        Хэрэв тавьсан жижиг зорилгодоо /зорилт/ хэт хялбар хүрсэн бол, дараагийн зорилгоо бага зэрэг хүндрүүлээрэй.

·        Хэрэв тавьсан зорилгодоо төлөвлснөөс илүү цаг хугацаа зарцуулж, зорилгоо биелүүлэхэд хүнд санагдсан бол дараагийн зорилгоо арай хялбар, богино хугацаанд төлөвлөөрөй.
·        Хэрэв эерэг өөрчлөлтөд хүргэх ямар нэгэн зүйлийг сурч авсан бол дараагийн удаад түүнийгээ мөн хэрэгжүүлээрэй.

·        Хэрэв зорилгодоо хүрэхэд чинь ямарваа нэгэн мэдлэг, чадвар их хэмжээгээр дутсан бол түүнийгээ өөрчлөх эсэхээ дахин бодож, дараа дараагийн зорилгууддаа анхаараарай.

Зорилго чинь огт өөрчлөгдөхгүй байна гэж байхгүй. Тиймээс уян хатан байх дээр бодолцож үзэх хэрэгтэй шүү. Сурсан мэдлэг чадвар, нас ахих гээд олон хүчин зүйлээс шалтгаалж өөр зүйл хүсэж, тэмүүлж болно. Тиймээс хэт зарчимч байх хэрэггүй.


Monday, October 14, 2013

ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛОХ НЬ

Зарим үед танд төөрсөн юм шиг эсвэл хий дэмий л будилж байгаа мэт мэдрэмж төрдөг үү? Олон хүмүүсийн хувьд амьдралынхаа туршид ийм мэдрэмж тээсээр, бүдэрсээр явдаг нь нууц биш юм. Учир нь тэд амьдралаас яг юу хүсэж байгаагаа бүрэн мэдэхгүй, юунд яаж хүрэхээ бүрэн тодорхойлоогүй байдаг.

Харин энэ бүхнийг эцэслэх гол арга зам бол зорилгоо тодорхойлох юм. Зорилгоо тодорхойлох нь таны ирээдүйн идеал дүр төрхийг бүтээх ба хэн болохыг хүсэж буйг чинь, түүнд хэрхэн хүрэх арга замыг чинь илүү ойлгомжтой болгох үйл явц юм. Хувийн амьдралдаа ч, ажил дээрээ ч тодорхой зорилготой байна гэдэг таныг идэвхижүүлэх гол хөшүүрэг болно.

Яагаад заавал зорилго тавих ёстой гэж?

Амжилтад хүрсэн тамирчид, бизнесменүүд бүгд л өөр өөрийн салбартаа тавьсан зорилготой байдаг. Зорилго тавина гэдэг танд урт хугацааны алсын хараа, богино хугацааны идэвхижүүлэлтийг бэлэглэнэ. Улмаар та өөрийн мэдлэг, ур чадвар дээр тулгуурлан хийж бүтээж, цагаа зөв зарцуулж, амьдралынхаа ихэнхи хувийг үр бүтээлтэй өнгөрөөнө гэсэн үг.
Тодорхой, хүрч болохуйц, хэмжигдэхүйц зорилготой байна гэдэг амжилтын амтыг мэдрүүлэх эхний алхам ба өөртөө итгэх итгэлийг чинь нэмэгдүүлэх хамгийн том хөшүүрэг юм.

Тэгвэл одоо хувийн зорилгоо тодорхойлцгооё!

Тодорхой үе шатуудын дагуу зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Үүнд:
·         Амьдралынхаа туршид юу хийхийг хүсэж байгаа, хэн болохыг хүсэж байгаагаа харуулсан томоохон зураглалыг бий болгох. Тэгээд үүндээ хүрэх урт хугацааны  арга замыг жагсаан бичих.
·         Эдгээр урт хугацааны төлөвлөгөөгөө жижиг жижиг зорилтуудад хуваах.
·         Нэгэнт төлөвлөгөөгөө болвсруулсан бол нягтлаад, төлөвлөгөөнийхөө дагуу хэрэгжүүлэх л үлдэж байгаа юм.
Ингэснээр дараагийн 5 жилийн зорилго, хийх ажлууд, дараагийн 3 жил, 1 жил, 1 сар, 7 хоног, өдөр гэх мэтээр хөвөрч улам хялбар болох ёстой юм.

Алхам 1: Амьдралынхаа зорилгыг тодорхойлох

Эхний алхам бол амьдралаасаа юуг хүсэж байгаа, түүнийгээ тодорхойлох юм. (Ядаж л хамгийн чухал хүслүүдээ жагсаах)
Бүрэн зураглал гаргахын тулд амьдралынхаа бүхий л чухал хэсгүүдийг бодолцож тус бүрт нь зорилго тавих нь илүү үр дүнтэй.


Карьер: Албан тушаал, карьерийн хувьд ямар түвшинд хүрэхийг хүсэж байна вэ? Вунд хүрэхийг зорьж байна вэ?

Санхүү: Хэдий хугацаанд ямар хэмжээний мөнгийг хураасан байхыг хүсэж байна вэ? Энэ нь таны карьер зорилготой хэр уялдаж байна вэ?

Боловсрол: Танд эзэмшихийг хүсэж буй мэдлэг, чадвар байна уу? Бусад зорилгодоо хүрэхийн тулд танд ямар ур чадвар, мэдлэг хэрэгтэй байна вэ?

Гэр бүл: Эцэг эх болохыг хүсэж байна уу? Тийм бол сайн эцэг эх болохыг хүсэж байна уу? Ирээдүйн гэр бүлийн хүнээ ямраар харж байна?

Гоо сайхны: Танд ямар нэгэн гоо сайхны холбогдолтой хүрэхийг хүсэж буй цэг байгаа юу?

Хандлага: Таныг хойш нь татаж байдаг томоохон дутагдал, хандлага байдаг уу? Та үүнийгээ сайжруулахыг хүсэж байна уу?

Биеийн: Эрүүл мэнд, бие махбодтой холбоотой зорилго байна уу? Өтөл насандаа эрүүл байх эсвэл бие галбираа өөрчлөх зэрэг ямар ч зорилго байж болно.

Хөгжих: Өөрийгөө хөгжүүлэх, хөгжөөх ямар ч зүйл байж болно. Амьдралаасаа таашаал, сэтгэл ханамж авах нь чухал биз дээ.

Нийтэд хандсан: Бусдын сайн сайхны төлөө ямар нэгэн зүйл хийхийг, илүү сайхан орчинг бүтээхийг хүсдэг үү? Тийм бол ямар?

Тус бүрт нь өөрийн хүсэж буй зүйлээ хамаагүй жагсааж brainstorming хийгээрэй. Дараа нь юу хүсэж байгааг чинь хамгийн тодорхой гаргаж өгөх зорилгуудыг тус бүрт нь тодорхойлж түүн дээрээ гол анхаарлаа төвлөрүүлээрэй.

Алхам 2: Зорилтууд буюу зорилгоо жижиг алхмуудад хуваах

Нэгэнт амьдралынхаа зорилгыг тодорхойлсон хойно одоо 10 жил, 5 жил, 3 жил гэх мэтчилэн цаг хугацаанд хийх зорилгуудаа тодорхойлоорой. Ингээд богино хугацааны зорилгуудаа үүсгэх нь гол бөгөөд, хамгийн гол нь үндсэн чигээсээ хазайхгүй байх нь чухал шүү. Эцэст нь зорилгод тулгуурласан өдөр бүр амжуулах хийх ажлын жагсаалт-ыг гаргаарай.