ӨНГӨНИЙ СЭТГЭЛ ЗҮЙ
Та ямар нэгэн өнгөнд нөгөө өнгөнөөс
илүү дуртай байдаг уу? Янз бүрийн өнгийг зэрэгцүүлэн харж үзээд ямар өнгө нь
танд илүү мэдрэмж төрүүлж, ямархуу сэтгэгдэл үлдээж байгааг ажиглаад нэг
үзээрэй. Магадгүй нэг өнгө танд гунигтай мэдрэмж төрүүлж байхад нөгөө өнгө нь
танд эрч хүч бэлэглэж, сэргээж байж болох юм. Харин өөр нэг өнгө нь таныг
тайвшруулж ч болно. Энэ нь өөрөө өнгөний сэтгэл зүй гэж нэрлээд байгаа зүйл юм.
Өнгө танд яаж нөлөө үзүүлж байна тэр нь өнгөний сэтгэл зүйтэй холбогдоно гэсэн
үг.
Хүн бүр өөрт нь янз бүрийн өнгүүд
яаж нөлөөлдгийг илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсдэг. Яг үнэндээ хүний харааны
түвшин, тэр атугай амьдрал, сэтгэл зүй, карьер гээд бүхий л зүйлсэд өнгө
нөлөөлж байдаг.
Тухайлбал аливаа бараа
бүтээгдэхүүнийг зарж борлуулахад ч, телевизээр ямарваа мэдээлэл дамжуулахад ч
өнгө чухал нөлөөтэй. Тэр ч байтугай таны хэн нэгэнд өгөх үнэлэмжийг хүртэл
өнгөөр дамжуулан өөрчилж болно. Ялангуяа улс төрчид, түүний ард байдаг баг
өнгөний сэтгэл зүйг бүрэн утгаар нь хэрэгжүүлж чаддаг юм.
Өнгө бүр таны одоогийн зан байдал,
хүртэхүй, дуртай, дургүй зүйлд гайхалтай нөлөө үзүүлж чадна. Учир нь энэ бүхэн
таны тархинд програмчлагдсан байдаг юм. Өнчин тархи энэ бүхэнтэй холбогдож гал
бол халуун муу зүйл, улаан бол аюултай, ногоон бол тайван гэх мэтчилэн бидэнд
мэдээ өгч байдаг. Ийм ч учраас томоохон компаниуд үнэтэй бараагаа улбар шар
өнгөтэйгээр үйлдвэрлэх эсвэл улбар шар өнгийн орчин, сав баглаа боодлыг бий
болгодог. Ингэснээр хүнд сэтгэл зүйн хувьд илүү таатай,
худалдан авах бололцоо бүхий мэдрэмжийг төрүүлдэг байна. Тэгвэл яагаад улаан
өнгийг түргэн хоолны газар хамгийн ихээр ашигладаг вэ? Учир нь улаан өнгө идэх дур хүсэл /аппетит/-ийг өдөөж,
хурдтай байдлыг илтгэдэг байна. Тэгэхээр түргэн хоолны газар түргэн шуурхай үйлчилж
байгаа сэтгэгдлийг ч улаан өнгөөр дамжуулан хүргэдэг аж. Та цэнхэр өнгөтэй хүнсний төрлийн зүйл идэх
дуртай юу? Маш бага газрууд цэнхэр өнгөтэй хүнсний зүйл худалдаалдаг. Цэнхэр өнгө үнэндээ хүний идэх дур хүслийг
бууруулж, өлсөөгүй мэт мэдрэмж төрүүлдэг байна. Тиймээс жингээ барьж буй
хүмүүст зориулсан хоол хүнс цэнхэр туяатай эсвэл өнгөтэй /сав баглааны хувьд ч /
байх нь бий. Гэхдээ өнгө гэдэг өөрөө бүхэллэг зүйл гэдгийг санах хэрэгтэй. Яагаад
гэж үү? Цэнхэр өнгө хүний идэх дур хүслийг бууруулдаг гэж дөнгөж саяхан хэлсэн
тийм үү? Гэтэл цэнхэр өнгөтэй тавган дээр тавьсан хоол цагаан өнгөтэй тавган
дээр тавьсан хоолыг бодвол илүү хоол идэх хүслийг өдөөдөг байна. Зөвхөн хоол ч
биш уух юмны тухайд ч ижил юм. Аливаа өнгө янз бүрийн нөлөөг аль ч байдлаар
үзүүлж болно гэсэн үг л дээ. Нэгэн судалгаагаар цэнхэр өнгийн логотой
хундаганаас улаан өнгөтэй хундагыг бодвол хүмүүс илүү юм ууж байсан байна.
Харин улаан өнгийн тавагтай хоолноос илүү цэнхэр болон цагаан өнгийн тавагтай
хоолыг илүүд үзэж байсан нь тогтоогдсон байна. Түүнчлэн өнгөний нөлөөг
гайхалтайгаар харуулсан бас нэгэн энгийн жишээ бол бяслагны жишээ байсан байна.
Хэрэглэгчид бага тослог бүхий бяслагийг сонгохдоо өнгөнд нь ихээхэн ач
холбогдол өгч байсан бөгөөд хэрэв бяслаг хагас тунгалаг буюу цагаандуу өнгөтэй
байх юм бол ихэнхи хэрэглэгч бяслагийг муу гэсэн дүгнэлт өгч байжээ.
Томоохон корпорациуд хэрэглэгчдээ бүтээгдэхүүн,
үйлчилгээгээ хүргэхдээ өнгийг ашиглаж,
түүнийгээ сая сая долларыг зарцуулан тестэлж үзэж байна. Яагаад? Учир нь тэд
өнгө хүний сэтгэл зүй, бүтээгдэхүүнийг хүртэж хүлээж авахад маш чухал нөлөөтэй
гэдгийг ойлгосон юм.
Хэн нэгнийг хэрхэн хүлээж авах нь ч
өнгөнөөс шалтгаалах юм. Харж байгаа зураг чинь танд ямар мессеж өгч чадах вэ
гэдгийг хүртэл өнгө өөрчилж чадна. Тансаг зэрэглэлийн автомашины сурталчилгаанд
ихэвчлэн саарал өнгийн автомашиныг үзүүлдгийг та анзаарсан уу? Саарал өнгө
өөрөө тансаг, элбэг хангалуун мэдрэмжийг төрүүлдэг бөгөөд сурталчилгаандаа
саарал машин ашигласнаар заавал тансаг, элбэг хангалуун гэж үгээр рекламдах биш
зүгээр л тэр мессежийг хүмүүст төрүүлж чадаж байна гэсэн үг юм. Мянган үгнээс
илүү нэг зураг илүү их ойлголт, төсөөллийг бий болгодог биз дээ. Тэгвэл
судалгаагаар тэрхүү утгын 99%-ийг нь өнгө өгүүлж
байдаг нь тогтоогдсон байна.
Тухайлбал нэгэн эмэгтэйг хоёр өөр
янзаар хувцаслая.
#1 Эмэгтэйг 50-д оны америк хэв маягаар хөх өнгийн хүрэм, юбка
өмсүүлсэн байна гэж төсөөлье.
#2 Харин хоёр дах хувилбарт нь улаан өнгийн хүрэм, юбка
өмсүүлье. Гэхдээ ард фон нь цэнхэр өнгийн туяатай байна.
Тэгэхээр улаан, хөх гэсэн хоёр
хувилбар гарч ирж байна. Аль хувилбар нь муу, жигшил зэвүүцэл төрүүлэм эмэгтэйн
дүрийг илүү илэрхийлэх вэ? Ихэнхи нь улаан гэж хариулах байх? Яагаад? Учир нь
улаан өнгө уур уцаарыг төрүүлж байдаг. Улаан өнгөөр хувцасланаар хэдийгээр эрх
мэдэлтэй, хүчирхэг харагддаг ч нөгөө
талд эсрэгээрээ ч үйлчилж болдог. Харин хөх өнгө нь ганцаардмал байдал, цэцэн
ухаан, төвийг сахисан итгэлтэй байдал зэргийг илтгэж байдаг. Тэгэхээр эхний
асуултад хариулах бол хөх хувилбар яав ч биш болж таарах нь. Гэтэл би зурган
дээр яг дээр хэлсэн шигээ муу, зэвүүцэл төрөм эмэгтэйн дүрийг гаргаж зураад хөх
өнгөөр хувцасласан байвал тухайн зурагны өгөх мессеж нь улам л эвгүй, сөрөг
болно. Нөгөө хөх өнгөний илэрхийлэл болсон ганцаардмал байдал, цэцэн ухаан,
төвийг сахисан зэрэг нь тэр чигээрээ өөрчлөгдөнө гэсэн үг. Сонин биш гэж үү?
Орчин үеийн кинонуудад шуналтай эсвэл онцгүй дүр бүтээж буй сайхан хүүхнүүд
ихэвчлэн цагаан өнгийн хувцас өмсөж гарах болсон. Цагаан бол хүйтэн, хуурамч,
хэтэрхий цэвэрхэн. Гэтэл үнэн хэрэгтээ цагаан өнгө сүр хүчтэй, цэвэр ариун гэх
мэтчилэн билэг тэмдэг болж болдог шүү дээ. Тэгэхээр өнгө гэдэг хүний хүртэж
хүлээж авч байгаад, дүгнэлт хийхэд яг л ийм мэдрэмж төрүүлдэг гэсэн үг. Яг л
ийм арга замаар мөн нөлөөлдөг гэсэн үг. Өрөөгөө цагаанаар будахад зай том
болсон мэт мэдрэмж төрүүлэх ч хүйтэн хөндий байдлыг мэдрүүлдэг. Нөгөө улаан
өнгөө эргэн саная л даа. Саяхан л муу, зэвүүцэл төрүүлэм хүүхнийг бүтээхийн
тулд улаан өнгийн хувцас ашигласан. Гэтэл судалгаагаар улаан өнгийн хувцас
өмссөн эмэгтэйд эрчүүд илүү татагддаг нь тогтоогдсон байна.
Гол санаа нь бидний үзэж, харж
байдаг кино, бичлэг, дууны клип гээд өмссөн зүүсэн, гэрэл ашигласан, ямар өнгө
голлож байгаа нь бидний шүүмжлэлт сэтгэлгээ, дуртай байх, дургүй байх, ямар
мессежийг ямар утгаар хүлээж авах гээд бүх зүйлд онцгой нөлөө үзүүлдэгт байгаа
юм. Яг үүнийг улс төрчид яаж ашигладгийг америкийн томоохон улс төрчдийн
сонгуульт ажил, хувцаслалт, хурал цуглаанаас харж болно. Итгэл төрүүлэхүйц
харагдмаар байна уу, эсвэл сүр хүчийг мэдрүүлмээр байна уу, бүр төвийг сахиж,
дунджийг баримтлаж байгаагаа ойлгуулмаар байна уу? Доорх шиг өнгийг ашигла:
Доорх хоёр зургийг харцгаая:
Мэдээж энэ хоёр зураг төстэй. Гэхдээ та аль хувилбарт нь илүү итгэх вэ? Аль
хувилбар нь танд илүү итгэл даахуйц, үнэнч шударга хүнийг санагдуулж байна? Хөх
өнгийн зангиатай, хөх пиджактай хувилбарыг сонгох байх. Америкийн үе үеийн
ерөнхийлөгчид бараг ижил гэмээр хувцас өмсдөг мэт харагдавч ямар үйл
ажиллагаанд оролцохоосоо шалтгаалаад хувцасных нь өнгө өөрчлөгддөгийг
анзаараарай. Хэрэв тэр олон нийттэй уулзах бол хөх өнгийн аксентийг илүүтэй
сонгож хувцаслана. Харин европын орнуудтай уулзах зэрэг АНУ-ын сүр хүчийг
гаргах уулзалтуудад улаан өнгийн зангиа зэрэг сүр хүч, эрх мэдлийг агуулсан
өнгийг сонгосон байна. Үүнийг та европын орнуудтай уулзаж буй уулзалтад АНУ-ын
ерөнхийлөгч агсан хэрхэн хувцасласнаас харж болно:
Харин бусад улс орноос дэмжлэг хүсэх, давуу тал, өрөвдөл нигүүлслийг зэрэг
харуулахыг хүсэж байгаа бол хөх өнгийн тон давамгайлсан хувцас өмссөн байгааг
харж болох юм /Зураг 2 /. Хөх бол үнэнч шударга, тогтвортой байдлын илэрхийлэл
билээ. Загварын зөвлөхүүд ажлын ярилцлагад орох гэж буй үйлчлүүлэгчдэдээ
ихэвчлэн хөх өнгийг санал болгодог. Ингэснээр үнэнч шударга байдлыг илтгэхээс
гадна хөх өнгө өөрөө тайвшруулах нөлөөтэй байдаг. Тархинд хөх өнгө тайвшруулах
гормонуудыг идэвхжүүлдэг байна.
Харин төвийг сахих буюу Израйл, Паластиний тал оролцсон
уулзалт хийж буй бол өмссөн хувцас нь бор өнгөтэй байгаа юм. Ингэснээрээ тэр
хэнд ч аюул заналхийлээгүй, нөхөрсөг уулзалт гэдгээ тодотгож байгаа юм. Бор
өнгө нь аюулгүй, тайван өнгө юм. /Зураг 3/
Дээрх 3 зургийг зэрэгцүүлж тавиад харж болно. Эсвэл тус
бүрд нь хараад ямар мэдрэмж төрж байгаадаа анализ хийгээрэй.
Хэрэв хоёр томоохон орны төлөөлөгч нар өөрсдийн итгэлтэй,
үнэнч шударга байдлыг илэрхийлэхийг хүссэн бол яах вэ? Английн ерөнхий сайд
болон АНУ-ын ерөнхийлөгч нар бараг л ижил гэмээр хувцаслажээ. Ийм тохиолдолд
энэ хоёр бараг л нэг баг гэмээр байна. Тийм үү?
Зүгээр л гүүглдээд үзье. Обама гээд гүүглдэхэд түүний
ямар үед ямар мэдрэмж, ойлголт төрүүлэхийн тулд хэрхэн зангианыхаа өнгийг
бодлцсоныг харуулах олон зураг гарч ирнэ. Та шалгаад үзээрэй. Түүнийг хөрөг
зурган дээрээ улаан зангиатай байгааг харах бараг л боломжгүй. Тэрээр өөрийгөө
улс орныг эмчлэг, эдгээгч хэмээн таниулахыг хүссэн ба мэдээж түүнийг илэрхийлэх
өнгө нь хөх бас саарал байх юм. Саарал өнгө нь цаг хугацааны хязгааргүй, бат
бөх, прагматик хүн гэдгийн илэрхийлэл болно. Харин хөх өнгө нь найдвартай,
итгэж болохуйц, үзэл бодолдоо үнэнч гэдгийг харуулна.
Зөвхөн өнгө яагаад бидэнд ийм том нөлөөг үзүүлж чадаж
байгаа юм бол оо? Учир нь хэдэн мянган жилийн өмнөөс, бид бүрэн хөгжөөгүй
амьтан байх явцаас эхлээд өнгийг амьд үлдэх хэрэгсэл болгон өөрийн тархиндаа
суурилуулсантай холбоотой. Одоо бол бид амьд үлдэхийн тулд өнгийг ашиглах онц
шаардлага байхгүй ч бидний тархинд суусан өнгөний талаарх ойлголт бидэнд
нөлөөгөө гүн гүнзгий үзүүлсээр л байна гэсэн үг юм. Үзэсгэлэнтэй, сайхан
цэцэгсийг харахад тэд бүгд л тод өнгөөр гэрэлтэж байдаг. Харин зөгий тэр
өнгөний туяаг харж хамгийн залуу, шим тэжээл бүхий цэцэгсийг олдог байна. Хүний
харж чаддаггүй тэр туяа зөгийнүүдэд энд хоол байна шүү гэсэн мэдээллийг өгдөг
хэрэг. Зөгийний адилаар бид ч улаан болон улбар шар өнгийг хараад хоол хүнс
бодогддог байна. Бид ногоон өнгийг хараад тайвшралыг мэдэрдэг. Учир нь бид тэр
чигтээ ногоон өнгийн моддын дунд амьдардаг болохоор тэр. Тэнгэр хөх цэнхэр
өнгөтэй. Тиймээс хөх өнгийг хараад бид аливаа нэг юмтай холбож бодохоос илүү
сайхан тайван байдлыг мэдэрч чаддаг.
Нэгэн залуу шинэ төрсөн хүүхдэдээ зориулж өрөөг нь улбар
шар өнгөөр будсан байна. Хүүхэд нь өдөр бүр л зогсоо зайгүй уйлах болж. Яагаад
гэж үү? Хүүхдийг байнга наранд байлгаад байхаар унтаж, тайван байж чадах уу? Ер
нь хүүхэдтэй хүмүүс улбар шар өнгөнөөс зайлсхийх хэрэгтэй. Өнөөх хүүхэд уйлж
байгаа нь шар өнгөнөөс зайлсхийж ногоон өнгийг оруулаачээ гэж эцэг эхдээ
хэлэхийг хүсэж байгаа нь тэр байх нь.
Суурь өнгөнөөс гадна давхар хувцасны өнгө, загвар зэрэг өөрчлөгдөхөд өгүүлж
буй санаа нь өөр харагдаж буйг мөн анзаараарай.
Өнгө бүхэн өөрийн өгүүлэмж, санааг илэрхийлдэг. Түүнээс
гадна нэг бус хоёр илэрхийллийг давхар илэрхийлдэг. Улаан өнгө гэхэд хүсэл
тэмүүлэл, хайр, дулаан байдал, хүчирхэг байдал, сэтгэл хөдөлгөсөн зүйлийг
илэрхийлдэг ба эдгээр нь эерэг нөлөө юм. Харин эсрэгээр улаан өнгө нь уур
хилэнг илэрхийлдэг. Улаан өнгө нь цусны даралтыг нэмэгдүүлж хэмнэлийг
ихэсгэдэг. Бусдаар аль болох хурдан шийдвэр гаргуулж, хүлээлтийг нь ихэсгэхийн
тулд улаан өнгийг мөн ашигладаг. Бас бусдын анхаарлыг татахад улаан өнгө
хамгийн тохиромжтой. Улаанаар бичсэн үг эсвэл улаан
объект хүний анхаарлыг хамгийн их татдаг. Түүнчлэн улаан машин хурд хүчийг бэлгэддэг.
Дээр дурдсанчлан өнгө
бүр хоёр талын утгыг агуулж, хүмүүст мессеж хүргэж байдаг. Тухайлбал хөх өнгө
сөрөг талдаа ганцаардсан байдал, уйтгар гуниг, депрессийг илэрхийлдэг байна.
Ийм мэдрэмжүүдийг хүнд төрүүлнэ гэсэн үг. Харин бор өнгөний хувьд хөх өнгөтэй
бага зэрэг адилхан. Гэхдээ илүү завсрын өнгө юм. Хэрэв компаний удирдлага
хэцүүхэн үеийг давж байгаа бөгөөд ажилтнууддаа цаашид ажиллах итгэл үнэмшил,
аюулгүй байдлыг амлах гэж байгаа бол бор өнгийн хүрэм хамаагүй нөлөөтэй юм. Бор
өнгө нь ажилтнуудад тухайн хүний хэлсэн үг туйлын үнэн, аюулгүй, тайван гэсэн
мэдрэмжийг төрүүлнэ. Энэ мэтчилэн цэрэг цагдаа, эмнэлэг, сургууль, тухайлсан
үйлчилгээ бүхий байгууллагуудын өнгөний сонголт, дүрэмт хувцасны өнгө зүгээр
нэг сонгогдоогүй гэдгийг та анхаарах байх. Орчин үед өнгөний хүмүүст үзүүлэх
нөлөө, түүний талаарх шинжлэх ухаан улам л хөгжиж байгууллагууд өөрсдийн
бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулахдаа хамгийн ихээр ашиглах болж. Тэр атугай
өнгөөр хүнийг эмчлэх тусгай терапи хүртэл боловсрогдон хэрэглэгдсээр байна.
Өнгөний тухай улам ихийг судалж мэдэхэд тань амжилт хүсье.