Thursday, October 10, 2013

Багийн тоглогч

Багаар ажиллах чадвар гэдэг бараг бүхий л ажлын байранд тавигдах гол шаардлагуудын нэг байдаг билээ. Хувийн зан араншин, сэтгэл хөдлөлөө ажлын байран дээр шууд гаргана гэдэг өнөөгийн нийгэмд, ялангуяа 21-р зуунд туйлын тохиромжгүй асуудал болж хувирсан байна.


Та бусадтай хамтран ажиллаж чаддаг уу? Хэрвээ ажлын байранд хамтран ажиллагсад нартайгаа таарамжтай ажиллаж, үр дүнд хүрч чаддаг бол та ажлын байрны гол шалгууруудын нэгийг хангаж чадаж байна гэсэн үг. Түүгээр ч зогсохгүй энэ нь таныг нээлттэй, нийгмийн харилцаа холбоог сайн хангадаг, шаардлагатай ажил хэргүүдээ бусдын тусламжтайгаар болон бусалтай эерэг харилцаа үүсгэх замаар шийдвэрлэж чаддагийг харуулж байгаа юм.

Цаашлаад багийн тоглогч болж чадаж байгаа нь тухайн хүнийг сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаг, түүнийгээ эерэг харилцаа холбоог тогтооход хөрвүүлж чаддагийг нотолно. Багаар ажиллахын гол утга учир нь олон төрлийн, өөр зан араншинтай хүмүүстэй ажлын байран дээр зохицон ажиллаж, үр дүнг нь харах юм.

Ажлын байран дээр сэтгэл хөдлөлөө удирдана гэдэг мэргэжлийн гэх тодотголыг тухайн хүнд зүүлгэдэг. Мэргэжлийн гэдэг нь үйл хөдлөл, хэлэх үг, үзэл бодлоо ажлын байранд албан ёсны шинжтэйгээр харуулахыг хэлж байгаа хэрэг юм.

Гэхдээ багаар ажиллана, багийн нэг тоглогч болно гэдэг зөвхөн өөрийн сэтгэл хөдлөлийг удирдах бус хамтран ажиллагсдынхаа буюу багийн гишүүдийнхээ сэтгэл хөдлөлийг уншиж чаддаг байх, ажлаа гүйцэтгэхийн тулд тэрхүү сэтгэл хөдлөлд нь тохирсон үр дүн бүхий арга хэмжээг хурдан авч чаддаг байхыг хэлнэ.

Мичиганы их сургуулийн гаргасан судалгаагаар өнөөгийн нийгэмд, ялангуяа 21-р зууны ажлын байранд сэтгэл хөдлөлөө хэт ил гаргах, түүнийгээ удирдаж чадахгүй байна гэдэг томоохон алдаанд тооцогдож байна. Уг их сургуулийн сэтгэл судлаач, багийн ажиллагаагаар мэргэшсэн Jeffrey Sanchez-Burks хэлэхдээ “хувийн эрх ашгаа умартаж, зөвхөн ажил дээрээ гол анхаарлаа хандуулна гэдэг бүтээмжийг нэмэгдүүлдэг” гэсэн байна.

Тэгвэл хэрхэн өөрийн сэтгэл хөдлөлийг үр дүнтэй байдлаар илэрхийлж харуулах вэ? Багаар ажиллахдаа анхаарах шаардлагатай дараах хэдэн зөвлөгөөг байгууллагын сэтгэл судлаачид өгч байна:

Уян хатан чанар. Багаар амжилттай ажиллахын гол түлхүүр бол уян хатан чанар юм. Таны явуулж буй төсөл, үйл ажиллагаа санаснаар тань болохгүй байх, эсвэл огт өөр зүг рүү эргэх тохиолдолд өөрийн стратеги, нөхцөл байдлыг шийдвэрлэх арга барилдаа өөрчлөлт оруулах зэргээр өөрчлөлтөд дасан зохицох, уян хатан байх нь  өнөөгийн эдийн засгийн байдалд нэг том давуу тал болно.

Зөвшилцөх. Олон хүний үзэл бодол, санал санаачлага шингэсэн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэдэг хүнд даваа билээ. Тиймээс ямар ч ажил үүрэг гүйцэтгэхэд багийн гишүүдийн санал бодол, ялангуяа таны саналтай зөрөлдөж буй хүмүүсийн санал бодлыг сонсож сурах нь чухал юм. Олон талын харах өнцөг, үзэл бодлуудыг тусгах нь багийг улам хүчирхэг, үр дүнтэй болгоно.

Магтаал, шүүмжлэл. Бусдыг хэрхэн магтах, шүүмжлэх аргуудыг та эзэмшсэн үү? Аль аль нь л хэцүү билээ. Хамгийн гол нь шударга гэхдээ эелдэг байх юм. Магтаалд бага зэрэг өгөөмөр хандах нь ажилтнууд хоорондын харилцаа холбоог улам сайжруулдаг. Сэтгэл судлаачдын зөвлөж байгаагаар багийн гишүүд, хамт олноо нийтийн өмнө магтаж, харин шүүмжлэхдээ ганцаарчлан ярилцах нь илүү үр дүнтэй байдаг байна. Ингэснээр бусдын санал зөвлөмжийг хүлээж авах, сонсох боломжийг бүрдүүлнэ.

Биеийн хэл. Биеийн хэлийг ажлын байран дээр ашиглах нь нөлөө ихтэй. Ялангуяа нөгөө хүнээ сонсохдоо сонсож буйгаа илэрхийлсэн биеийн хэлийг ашиглах нь зөвхөн сонсоод өнгөрөх биш хүлээж авч буйг нь харуулж байгаа хэрэг юм.

Буруугаа хүлээх. Нэг зүйл маш тодорхой. Хэрэв ямар нэгэн алдаа гаргасан бол түүнийгээ өөр хүн рүү зайлуулах эсвэл бухах биш буруугаа хүлээж, уучлал эрэх ёстой. Энэ нь насанд хүрсэн, хариуцлагатай хүний зан чанарыг илэрхийлэх ба багийн уур амьсгалд чухал нөлөөтөй. Улмаар багийн бусад гишүүд чамд итгэж шударга байдлыг тань хүндэтгэх болно.

Хүчтэй ба сул. Ажлын ярилцлагын хамгийн нийтлэг асуулт бол таны давуу болон сул тал байдаг. Багийн ажил бол үүнийгээ мэдэх хамгийн том боломж юм. Зарим хүмүүс бичгийн харилцаанаас илүү биечлэн уулзах тал дээр давуу байдаг бол зарим нь өрсөлдөөнөөс үүдээд өөрийн мэдлэг, ур чадварыг бусадтайгаа хуваалцах хүсэлгүй байдаг. Баг бол нэгнийх нь сул талыг нөгөөгөөр нөхөж чадах гайхалтай систем юм.















Tuesday, October 8, 2013

                                             "Харилцаа, хандлагаа өөрчилцгөөе" сургалт

2013.08.06/07/08 өдрүүдэд "Дельта Холдинг ХХК"-с үйлчилгээний ажилтнууд болон засварын механикч нартаа зориулсан харилцааны сургалтыг "Сэтгэл Судлал Үндэсний төв"-тэй хамтран "Evergreen" зочид буудалд амжилттай зохион байгууллаа.


 Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://psychology.mn/ хаягаас авна уу. 

Ингээд сургалтын үеэр авсан сонирхолтой зургуудыг та бүхэндээ хүргэж байна. :) 















Цагийн менежменттэй холбогдуулан нэгэн сонирхолтой бөгөөд өгөөжтэй бичлэгийг хүргэж байна. 

Бичлэгт RAC аргыг танилцуулсан ба энэ нь Record Analyze Change гэсэн үгийн товчлол юм. 

Record: Өдрийн хэмнэлээ өглөөнөөс орой хүртэл бүгдийг бичиж авах. Өглөө хэдэн минутанд хувцасаа сольдог, ажил руу гаа хэдий хугацаанд явж ирдгээс авахуулаад ажил дээрээ хэр хугацааг хамтран ажиллагсадтайгаа ярьж өнгөрүүлдэг, фэйсбүүкийн ард хэдэн цагийг өнгөрөөж байгаа гээд бүгдийг тэмдэглэж авах юм.

Analyze: Бүгдийг бичиж авсныхаа дараа цагийг үр бүтээлгүй өнгөрөөж байгаа хэсгүүдийг тодруулна. Хамгийн гол нь цагийг тань үрж буй хамгийн том 5 зуршлыг олж авах.

Change: Энэ сүүлийн шатанд цагийг дэмий үрж буй зуршлуудаа салах буюу өөрчлөх юм. Харин өөрчлөлтийг хийх 3 стратегийг бичлэгт санал болгосн байна. Эдгээр нь:

-          Ач холбогдлоор нь ангилах буюу хамгийн яаралтай, ач холбогдолтой ажлуудаа жагсаах. Өдөрт хийх 5 ажлаа чухлаас нь эхлээд жагсаах гэх мэт
-          Ажиллах орчноо зохион байгуулалтад оруулах. Хэрэгтэй ганцхан цаас, багаж, хэрэгслээ тав арван минут замбараагүй олон зүйлсээс олох биш, гарт ойрхон, хайж олоход амархнаар зохион байгуулах гэх мэт
-          Цагийн хуваарь гаргах: Тодорхой цагт тодорхой ажлыг амжуулах. Нэгэн зэрэг олон зүйл хийх нь үр дүн, бүтээмжийг бууруулдгийг олж тогтоосон.
-          Цагийн хуваариа гаргахдаа эхлэх болон дуусгах цагийг тодорхой зааж өгөх. Ингэснээр хийх ажил, зарцуулах цаг чинь бүр ч тодорхой болно.


Ядаж 7 хоног энэ зөвлөмжийг хэрэгжүүлснээр та бүтээмжтэй ажиллаж, өөрийгөө стресст оруулахаа болихоос гадна хувийн амьдралдаа ч илүү цаг зарцуулах боломжтой болно. Үр дүнг нь үзэхийн тулд хэрэгжүүлэх л хэрэгтэй болж байна даа. 
Цагийн менежмент

Цагаа зөв хуваарилснаар ажлуудаа амжуулаад зогсохгүй таны стрессийг багасгаж, хувийн амьдралыг чинь тэнцвэртэй байлгахад тусална.
Өдөр бүр хийх ёстой ажил нь овоорсон юм шиг санагдаж эсвэл цаг хугацаа хэт хурдан өнгөрч байгаа мэт санагдавч, гараас тань хийж бүтээсэн зүйл гарахгүй байгаа мэт санагдаад байвал танд яахын аргагүй цагийн менежмент хэрэгтэй гэсэн үг юм.
Цагийн менежментийг хэрэгжүүлэх хэрэгтэйг хүн бүр мэддэг ч хэрхэн, яаж гэдэг арга замыг мэддэггүй. Тиймээс хэд хэдэн стратегийг хэрэгжүүлж үзэх нь танд илүү дөхөмтэй
Өдөр бүрээ төлөвлө. Өдөр бүрийг төлөвлөх нь хийх ёстой ажлуудаа биелүүлэх, амьдралдаа хяналт тавих нэг арга зам юм. Үүний тулд хийх ёстой ажлуудынхаа жагсаалтыг гаргах бөгөөд хамгийн чухал, яаралтай ажлуудаа жагсаалтынхаа хамгийн дээр нь жагсааж бичнэ. Жагсаалтын дагуу ажлуудаа гүйцээх ба гэнэтийн ажил зэрэт мөн бага хэмжээний цаг үлдээх нь чухал шүү.
Ажлуудаа ач холбогдлоор нь эрэмбэл. Цаг хугацаа их шаардах хэдий ч чухал бус буюу өдөр тутмын ажлууд таны өдрийг авч одох нь бий. Тиймээс өөрт хамгийн ач холбогдолтой ажлуудаа эхэлж хийх хэрэгтэй.
Ач холбогдолгүй ажлуудыг сүүлд хийх. Гол нь тавьсан зорилго түүнд хуваарилсан цаг хугацааг сайтар анхаарах хэрэгтэй. Тиймээс нэмэлт ажлууд буюу ач холбогдол багатай ажлуудаа түр ааш нь тавиарай.
Stephen Covey (1989) ажлуудаа ач холбогдлоор нь жагсаах доорх хүснэгтийг санал болгожээ.

Яаралтай байдал
Маш их
Бага
Ач холбогдол
Маш их
I
II
Бага
III
IV


Зорилгуудаа энэ хүснэгтийн 4 шатлалд ангилах нь таны цаг болон хүч хөдөлмөрийг хэмнэнэ. I дэх нүдэнд маш яаралтай бөгөөд чухал ач холбогдолтой ажлуудаа тавих бол II дах нүдэнд яаралтай биш боловч чухал ажлуудаа харин III дах нүдэнд яаралтай боловч ач холбогдол багатай, хамгийн сүүлд ач холбогдол багатай мөн тийм ч яаралтай биш ажлуудаа төлөвлөөрөй.

Яаралтай болон яаралтай биш ангилалд ажлуудаа хуваах нь хялбар байж болох ч ач холбогдлоор нь ангилахад танд бэрхшээлтэй байж болох юм. Ийм тохиолдолд Alan Lakein (1989)-ий санал болгосон “A,” “B,” or “C” загварыг ашиглаарай. Хамгийн их ач холбогдолтойгоос хамгийн бага ач холбогдолтой руу явна гэсэн үг.

Шилжүүлэх. Зарим ажлуудыг та заавал өөрөө хийх шаардлагагүй байдаг. Өөр нэгнээр хийлгэж болох бол тухайн хүнд тэр ажлаа даатган үлдээх нь таны цагийг хэмнэнэ.
Ажлаа чанартай гүйцэтгэхэд цагаа зарцуул. Алдаа бага гаргахад анхаарснаар алдаагаа засах цагуудыг хэмнэнэ гэсэн үг.
Томоохон, цаг хугацаа их зарцуулах ажлуудыг жижиг хэсгүүдэд хуваа. Нэг дор бүгдийг хийхэд төвөгтэй, хэцүү байгаа бол өдөр өдөрт бага хугацаанд хийхээр хэсэгчлэн төлөвлөж болно.
10 минут.  Хэцүү ажлууддаа өдөрт ядаж 10 минутыг зарцуул. Нэгэнт тухайн ажлыг хийж эхэлсэн тул дуусгах нь гарцаагүй.
Өдөр тутам хийж буй ажлууд болон түүнд хэдий хэмжээний цаг зарцуулж байгаагаа хэмж. Ингэснээр дэмий зүйлд үрж буй цагаа багасгана.
Саад болох зүйлсийг аль болох хязгаарла. Анхаарал шаардсан, чухал ажлуудынхаа үеэр өөрт саад болж болох утас, и-мэйл гэх мэт бүх зүйлсийг унтраагаарай.
Нойр сайн авч, биеийнхээ эрүүл мэндэд анхаарч, дасгал хийж байх  Эрүүл амьдралын хэв маяг таны анхаарал төвлөрөлтийг дэмжих ба ингэснээр  их ажлыг бага цагт амжуулна
Шаардлагатай үедээ амсхий. Хэтэрхий их стресс, дарамт нь таны ажлын бүтээмжийг улам ч бууруулна. Тиймээс зарим үед хэсэг хугацаанд алхах, хөнгөн амрах зэргээр өөрийгөө сэргээх хэрэгтэй.
 
Хэт төлөвлөлтөөс зайлсхийгээрэй.
Дээрх зөвлөгөөтөй харишилдаж буй мэт сонсогдож болох ч бүхнийг урьдчилан төлөвлөх, түүний дагуу яс явна гэдэг боломжгүй. Ажлаа төлөвлөж, ач холбогдлоор нь жагсаан эхлүүлэх нь таны ажлыг хөнгөвчилж, цагийг хэмнэх ёстой болохоос илүү дарамт авчирч, асуудал нэмэх ёсгүй юм.

                                                                     Танд амжилт хүсье!

Sunday, October 6, 2013

Англи хэлний мэдлэгээ хэрхэн дээшлүүлэх вэ?

Яагаад заавал англи хэл сурах шаардлагатай гэж? Өнөө үед хэл гэдэг хэрэглээ болжээ. Англи хэл нэгэнт дэлхийн хэл болсон учир хүн бүр өөрийн өөрийн хэрэгцээний түвшинд тааруулан хэлний мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай тулгарч байна. Тухайлбал мэргэжлийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхэд ч англи хэл дээр интернетээс аливаа мэдээлэл олдох нь хамаагүй хялбар бас үр дүнтэй болсон байна.



Тиймээс хүн бүрт тулгарч буй энэ шаардлагын дагуу англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх хэд хэдэн зөвлөгөөг орчуулж, баяжуулан хүргэж байна. Анхааран уншаарай.

Англи хэл сурч, эзэмшихийг хүсэж буй хүн бүрт өгөх хамгийн том зөвлөгөө бол: Юу ч хамаагүй хий. Бас заавал хий!

Хэрвээ ямар нэгэн алхам хийхгүй л бол юунд ч хүрч чадахгүй. Хийх хийхдээ ял шийтгэл үүрч буй мэтээр хийх бус хоббигоо, дуртай зүйлээ хийж байгаагаар хийх хэрэгтэй. Тэгээд хамгийн гол нь үүнээсээ эрч хүч авах буюу хөгжилтэй байх.
Бас хэт яарах хэрэггүй. Нэгэнт зориглож эхэлсэн л бол таныг олон хүндрэл, бэрхшээлийг дагуулсан урт зам хүлээж байгаа нь гарцаагүй. Зарим үед та бууж өгөхийг хүсэж, зарим үед хий бухимдаж ч мэднэ. Гэхдээ л тэр зам төгсгөлгүй биш болохоор та үр дүнд хүрэх нь гарцаагүй ба таны хувьд муугүй туршлага болно.

 Англи хэлийг эзэмшихэд туслах хэд хэдэн зөвлөгөөг танд хүргэж байна:

Суралцана гэдэг бол чадвар бөгөөд тэр чадварыг хөгжүүлж болно.
·         Өөрийгөө
·         Суралцах хэв маягаа
·         Туршлагаа
·    Сонирхол, юу сурахыг хүсч байгаагаа мэдсэнээр өөрийн суралцах чадвараа дээшлүүлэх арга замаа олох юм.

Өөрийгөө сэдэлжүүл
Англи хэл сурах хүсэл, сонирхол байхгүйгээр түүнийг эзэмшиж чадна гэж үү? Доорх асуултуудыг өөрөөсөө асуугаад шударгаар хариулаарай:
·         Та яагаад англи хэл сурах шаардлагатай вэ? Яг юунд хэрэгтэй гэж?
·         Англи хэлний мэдлэг, ур чадварыг хаана ашиглах вэ?
·         Аль хэсгийг илүү сайжруулах шаардлагатай байна вэ? /Яриа, бичиг, сонсох, унших/
·         Хэдий хугацаанд буюу хэр хурдан үр дүнг нь харахыг хүсэж байна вэ? Мөн чадах вэ?
·         Хэдий хэр цаг хугацааг та англи хэл сурахад зарцуулж чадах вэ?
·         Хэдий хэмжээний мөнгийг та англи хэл сурахад зарцуулж чадах вэ?
·         Англи хэл сурах ямар нэгэн төлөвлөгөө эсвэл стратеги танд байгаа юу?

Хүрч чадахуйц, бодитой зорилго өөртөө тавиарай.
Мэдээж сарын дотор англи хэлийг эзэмшинэ гэж байхгүй. Гэхдээ тодорхой түвшинд мэдлэгээ ахиулж болно. Хэл сурахдаа урт хугацааг зарцуулж болох ч гол нь эрчимтэй, үр дүнтэй, богино хугацаанд сурахыг эрмэлзэх хэрэгтэй. Тиймээс хэрэв та сургалтад суух гэж байгаа болон урт хугацааны сургалтаас илүү эрчимтэй, богино хугацааны сургалтад хамрагдахыг хичээгээрэй.
Өөртөө тавьж болох зарим зорилгуудаас дурдвал:
·  Англи хэлний сургалтад хамрагдах, идэвхитэй, байнга хичээлдээ оролцох. /Сургалтын төвөө сонгохдоо чанарыг нь хамгийн сайн харгалзаарай. Чанаргүй, зөвхөн ашиг олох сонирхолтой маш олон төвүүд байдаг/
·      Гэрийн даалгавраа хий
·      Сар бүр ямар нэгэн сонирхолтой ном эсвэл комик унш
·       Өдөр бүр шинэ үг цээжил, түүнийгээ хэрэглэ
·      Ярианы клуб, форумд хамрагд /Интернетээр болон сошиал нетворкуудаар олох боломжтой, мөн олон англи хэлний ярианы клубууд Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг./
·       Өдөр бүр интернетээр англи хэл дээрх мэдээ унш
·       Өдөр бүр 10 минутын сонсох дасгал хий
·        Сард хамгийн багадаа нэг удаа англи хэл дээр кино үз.
·        Дуртай англи хэл дээрх савангийн дуурь, олон анкит кино, нэвтрүүлгээ үз

Зорилгод чинь хүргэх бас нэгэн арга зам бол урамшуулал, шийтгэлийн системийг өөртөө бий болгох юм.
Жишээ нь өдрийн болон сарын төлөвлөгөөгөө биелүүлсэн бол өөрийгөө урамшуул
·         - Дуртай хоолоо идэх
·        -  Шинэ хувцас худалдан авах
·         - Дуртай тоглоомоо тоглох гэх мэтээр

Суралцах хэв маягаа тодорхойл
-          Хэрэв та юмыг харж сурдаг бол сургалтын төвд явах, эсвэл ганцаарчилсан хичээл авах нь илүү үр дүнтэй.
-          Харин сонсож болон ярьж сурдаг бол радио, нэвтрүүлэг сонсох, өөрийнхөө ярьсныг бичиж аваад эргүүлж сонсох зэрэг арга нь илүү үр дүнтэй.
-          Оролцооны аргаар сурдаг бол дүрд тоглох, харилцан ярилцах зэрэг оролцооны аргад суурилсан хичээлүүд, багаар суралцах нь илүү үр дүнтэй

Заавал мөнгө гэж үү
Англи хэл сурахад заавал үнэтэй сургалтын төвд явж, үнэтэй ном үзнэ гэсэн үг биш. Орчин үед интернетийн давуу талыг ашиглаж үнэгүй хичээлүүд үзэх, онлайнаар суралцах, эх хэлтэй хүмүүстэй холбогдож цагаар англи хэл заалгах зэрэг өргөн боломжууд нээлттэй болсон. Хэрхэн түүнийг ашиглаж, үр дүнтэй болгох нь таны л асуудал болж байгаа юм.
Жич: Хэд хэдэн үнэгүй, англи хэлний онлайн сайтуудыг доор танилцууллаа.

Бусад
Ямар ч юм хийсэн англи хэлнээсээ бүү холдоорой. Англи хэл дээр ном, сэтгүүл, сонин, мэдээ унших, сонирхолтой нэвтрүүлгүүд үзэх, дуртай сэдвийнхээ дагуу хайж интернет дэх мэдээлэл сонирхох, бүр ядраад байвал поп дуу, радио ч сонссон болно шүү дээ. Googleplus, Skype гэх мэтчилэн сошиал нетворкуудаар англи хэл суралцах сонирхолтой хүмүүстэй холбогдож чатлах, ярилцах зэргээр яриагаа сайжруулж ч болно.

Англи хэл сурах үнэгүй, онлайн сайтууд:

6.      http://www.bbc.co.uk/worldservice/learningenglish/ гэх мэтчилэн маш олон сайтууд байгаа. Гүүгл дээр learning English online and free гэж хайхад л болно. 
Ажлын ярилцлагадаа хэрхэн хамгийн сайнаар бэлдэх вэ?

Ажилд орох ярилцлага бол ажил олгогчид анхны сэтгэгдэл төрүүлэх хамгийн эхний бөгөөд эгзэгтэй мөч юм.  Өөрийгөө зөвөөр ойлгуулж, үнэ цэнээ мэдрүүлнэ гэдэг зөвхөн танаас, ялангуяа хэрхэн ажлын ярилцлагадаа бэлтгэхээс шалтгаалах тул дараах хэдэн зөвлөгөөг анхааран уншаарай.

Хувцасаар нь угтаж ухаанаар нь үднэ
Ажлын ярилцлагад орохоор ирэхдээ тухайн байгууллага болон ярилцлагын комисст буй гишүүдийг, мөн өөрийгөө хүндэтгэж байгаагаа өмссөн хувцасаараа илэрхийлэх боломжтой. Гоё ганган хувцаслахдаа гол нь биш, харин цэвэр, албан хэргийн буюу аль болох чөлөөт хувцаслалтаас татгалзах хэрэгтэй. Жич: Нүдний шил зүүсэн хүн илүү ухаалаг бас мэргэжлийн харагддаг гэдгийг судалгаагаар илрүүлжээ. http://www.nydailynews.com/life-style/people-wear-glasses-smarter-professional-study-finds-article-1.148074

Мэндчилэх бол том соёл
Нөхөрсөг инээмсэглэл, өөртөө итгэлтэй төрх, гар барилт бол нөгөө хүндээ эерэг сэтгэгдэл төрүүлэх томоохон алхам. Зөвхөн үүнээс болж ажилд авахгүй ч, нөлөө үзүүлнэ гэдэг бол баараггүй. Ядаж л таны талаар эерэг сэтгэгдэлтэй үлдэнэ шүү дээ.

Танилцуулга хамгийн чухал
Ямар ч ярилцлага өөрийгөө товч болон дэлгэрэнгүй танилцуулахаас эхэлдэг. Бусад ажил горилогчдоос ялгарах, ярилцлагын гишүүдэд тод ул мөрөө үлдээх боломж бол өөрийгөө танилцуулах тэр хэсэг юм. Зөвхөн намтараа ярих биш, давуу тал, онцлогоо дурдвал ямар вэ?

Асуулт, хариулт
Ажил олгогчийн буюу хүний нөөцийн ажилтны асуусан асуултыг сайн ойлгосны эцэст гол хариултыг өөртөө итгэлтэй өгөх нь таны авах оноог нэмэгдүүлнэ. Яагаад таныг бусад ажил горилогчдоос онцолж ажилд авах вэ гэдгийг нөгөө хүндээ сайтар ойлгуулах бол хамгийн том стратеги юм. Мэдээж үүний тулд та шаардаж буй ур чадвар, мэдлэг, туршлагыг өөртөө цогцлоосон байх хэрэгтэй. Хамгийн гол нь өөрийгөө зөв ойлгуулах юм шүү. Жич: Шударга байх нь танд итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.

Нэмээд...

Ямар ажлын байранд, юу хийхийг хүсэж байхаа тодорхойлсны эцэст ярилцлагад ороорой. Хүний нөөц, маркетинг, менежер, гадаад харилцаа алийг нь ч хийнэ гэхийн оронд хүсэл сонирхолтой, цаашид амжилт гаргах нөөц бололцоо бүхий, зорилготой ажлын байрыг сонгоорой. Бусдыг бурхандаа даатгахаас яахав. J Танд амжилт хүсье!