Thursday, October 17, 2013

Байгууллагын соёл

Байгууллагын соёл гэж яг юу вэ? Өнөө үед ажилтан, удирдлага бүр байгууллагын соёл гэж ярьдаг боловч, түүний ард яг юуг хэлээд байгаагаа сайн ухамсарлаагүй байдаг. Нэгэн судалгаагаар нийт 500 корпорацийн 70% нь байгууллагын соёлын асуудлуудын талаарх мэдлэг байдаггүй нь илэрсэн байна (Шерритон, Штерн, 1997).


Корпарацийн соёл, уур амьсгал гэх мэтээр нэрлэгддэг байгууллагын соёл нь угтаа байгууллагад ажиллаж буй хувь хүмүүсийн хуваалцаж буй үнэ цэнэ, итгэл үнэмшил, уламжлал зэргээр тодорхойлогддог юм. Энэхүү соёл нь ажлын байран дах тохиромжит зан үйлийн хэм хэмжээг тогтоож (юу нь зөв, юу нь буруу гэдгийг ажилтнуудад ойлгуулж байдаг.), ажилтан, удирдлага хоёрын үүрэг роль, хүлээлтийг тодорхойлдог.

Тэгвэл тэрхүү соёл нь өөртөө олон дэд соёлыг агуулж байдаг байна. Тухайлбал “Монгол ахуй” гэдэг бол ердөө л нэг том соёлын дэд соёл юм. Яг үүн шиг байгууллага бүрийн салбар болон хэлтэсүүд нь өөрсдийн гэсэн зан үйл, хэм хэмжээг тогтоосон байгууллагын цогц соёлоос ялгагдах дэд соёлтой байж болно. Тэр салбар хэлтэс бүр өөрчлөлтөд хэрхэн хандах нь тухайн дэд соёлоос хамаардаг байна. Байгууллагын соёлыг та бидний мэдэх их дээд сургууль эсвэл коллежтой харьцуулж үзье.

Жишээ нь та өөрийн сурч буй их сургууль эсвэл коллежийг нэгэн том соёл бүхий байгууллага гэж авч үзвэл таны анги, хамт олон тэр соёлын дэд соёл байх болно. Харин соёл, уур амьсгал гэдэгт нь оюутан бүрийн мөрдөх шударга ёс, итгэлцэл зэрэг соёлын кодууд орно.



Хичээлийн эхний өдрөөс л ангид чинь үүсэх соёл тодорхой болж болох юм. Тухайлбал ангийхан чинь бүгд хичээлээ идэвхитэй хийдэг бол та ч гэсэн тэдний эгнээнд байхын тулд хичээлээ хийж эхэлнэ. Энэ бол тухайн ангийн уур амьсгал, соёлыг бүрдүүлж буй нэг том хүчин зүйл. Хэрэв багш нь цагтаа ирж хичээлээ заадаггүй бол аажимдаа оюутнууд нь хоцордог болно.

Байгууллага дээр яг л ийм үйл явц өрнөдөг гэсэн үг. Удирдагч буюу удирдлага нь ямар хэм хэмжээг баримтална, ажилтнуудын хандлага ч тийшээгээ чиглэж эхэлдэг. Мөн ажилтнуудын ихэнхи хэсэг нь ямар үнэ цэнэ, итгэл үнэмшил хуваалцаж байна яг л тийм уур амьсгал, соёлыг бүрдүүлж байна гэсэн үг. Байгууллагын соёл гэдэг өөрөө тэр тогтсон хэм хэмжээ, бичигдээгүй хуулиудын нийлбэр гэж ойлгож болох юм.



Тиймээс байгууллагын соёлыг бүрдүүлж буй гол хүчин зүйлс нь ажилтан та өөрөө, таны хамт олны бий болгож байгаа тэр хандлага, нийтлэг тал, түүнчлэн гол хүч болох удирдагч, манлайлагч нар юм. Байгууллагын тогтсон соёлыг өөрчилж болохгүй гэдэг маш өрөөсгөл ойлголт. Хамгийн гол нь тогтсон соёлынхоо эерэг үндсэн хэсгүүдийг авч үлдээд, шинэ соёлын /хүсэмжилж буй уур амьсгал, харилцаа холбоо/-г нэмж оруулах явдал юм. Үүнийг хийхэд тухайн соёлыг бүрдүүлж буй эд эс бүхэн хүчин чармайлт гаргах хэрэгтэй билээ. 


Tuesday, October 15, 2013

Зорилгын зарчим ба түүнд хэрхэн хүрэх вэ?


SMART зорилго

Зорилго тавьхад SMART гэсэн зарчмаар тавьбал илүү бодитой бас үр дүнтэй болдог. Юу гэсэн үг вэ гэвэл, зорилго нь:
S- specific /significant/- тодорхой, чухал
M-measurable /or meaningful/-хэмжигдэхүйц, ач холбогдолтой
А-attainable /action oriented/- хүрч болохуйц, бодитой, үйлдэлд чиглэсэн
R-relevant /rewarding/- чухал, ач холбогдолтой
T-time  bound- цаг хугацаатай

Нэмээд:
Үр дүнтэй, амжилтад хүрэхүйц зорилгыг тавихад дараах хэдэн зөвлөгөө тус болно.

·        Зорилго тавихдаа эерэгээр тавь. “..... алдаа дахиж гаргахгүй байх” гэсэн зорилго тавьснаас “..... мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх” гэх мэт

·        Нарийн тодорхойлох: Тавьсан зорилгодоо хүрэх цаг хугацаа, яаж биелүүлэх, шалгуур үзүүлэлт, хүрснээ хэрхэн хэмжих, зорилгоо биелүүлсэн тохиолдолд хэрхэн урамшуулах зэрэг бүхий л зүйлсийг нарийн тодорхойлсноор зорилгодоо хүрэхэд улам дөт болно.

·        Ач холбогдлоор нь ангил: Цагийн менежментэд яригдаж байсан хийх ажлуудаа чухлаас нь чухал бус руу нь эрэмбэлэх нь зорилгодоо хүрэх шатуудыг чинь ойртуулах болно.

·        Зорилгуудаа үргэлж бич: Бичсэн зорилгоо олон талаас нь харж улам илүү эрчимжүүл

· Зорилгуудаа биелүүлэхдээ жижиг жижиг алхмаар урагшлуул: Хэт том зорилгыг удаан хугацаагаар тавих нь зорилгод хүрэхгүй байх бас нэг шалтгаан болдог. Тиймээс хурдан хугацаанд хялбар хүрч болох алхмуудад хувааж түүнийхээ дагуу биелүүлэх нь үр дүнтэй.
·        Үр дүнг нь чухалчлахаас илүүлтэй хэрхэн үр дүнд хүрэх аргаа чухалчил: Зөвхөн юунд хүрэхийг хүсэж байгаагаа олж харах нь түүнд хүргэх арга замыг мартхад хүргэж болзошгүй. Хийж байгаа зүйлдээ анхаарлаа хандуулж нэг нэгээр нь биелүүлэх нь эцсийн үр дүнд хүрэх шатыг ойртуулж байгаа шүү дээ.

·  Бодитой зорилго тавь: Хэрэв тавьсан зорилго чинь биелэгдэхэд үнэхээр хэцүү, чамаас шалтгаалах зүйл бага бол түүнд хүрэх нь боломжгүй юм. Тиймээс хүрч болохоор зорилго тавих хэрэгтэй.

Зорилгодоо хүрэх нь:
Хэрэв тавьсан зорилгодоо ямар нэгэн байдлаар хүрсэн бол түүнээсээ ханамж авах нь үнэхээр чухал. Та чадсан шүү дээ. Өөрийгөө урамшуулах хэрэгтэй.



Бас өөрийн хүрсэн зорилгодоо анализ хийж доорхи хэдэн алхмуудыг хэрэгжүүлээрэй:

·        Хэрэв тавьсан жижиг зорилгодоо /зорилт/ хэт хялбар хүрсэн бол, дараагийн зорилгоо бага зэрэг хүндрүүлээрэй.

·        Хэрэв тавьсан зорилгодоо төлөвлснөөс илүү цаг хугацаа зарцуулж, зорилгоо биелүүлэхэд хүнд санагдсан бол дараагийн зорилгоо арай хялбар, богино хугацаанд төлөвлөөрөй.
·        Хэрэв эерэг өөрчлөлтөд хүргэх ямар нэгэн зүйлийг сурч авсан бол дараагийн удаад түүнийгээ мөн хэрэгжүүлээрэй.

·        Хэрэв зорилгодоо хүрэхэд чинь ямарваа нэгэн мэдлэг, чадвар их хэмжээгээр дутсан бол түүнийгээ өөрчлөх эсэхээ дахин бодож, дараа дараагийн зорилгууддаа анхаараарай.

Зорилго чинь огт өөрчлөгдөхгүй байна гэж байхгүй. Тиймээс уян хатан байх дээр бодолцож үзэх хэрэгтэй шүү. Сурсан мэдлэг чадвар, нас ахих гээд олон хүчин зүйлээс шалтгаалж өөр зүйл хүсэж, тэмүүлж болно. Тиймээс хэт зарчимч байх хэрэггүй.


Monday, October 14, 2013

ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛОХ НЬ

Зарим үед танд төөрсөн юм шиг эсвэл хий дэмий л будилж байгаа мэт мэдрэмж төрдөг үү? Олон хүмүүсийн хувьд амьдралынхаа туршид ийм мэдрэмж тээсээр, бүдэрсээр явдаг нь нууц биш юм. Учир нь тэд амьдралаас яг юу хүсэж байгаагаа бүрэн мэдэхгүй, юунд яаж хүрэхээ бүрэн тодорхойлоогүй байдаг.

Харин энэ бүхнийг эцэслэх гол арга зам бол зорилгоо тодорхойлох юм. Зорилгоо тодорхойлох нь таны ирээдүйн идеал дүр төрхийг бүтээх ба хэн болохыг хүсэж буйг чинь, түүнд хэрхэн хүрэх арга замыг чинь илүү ойлгомжтой болгох үйл явц юм. Хувийн амьдралдаа ч, ажил дээрээ ч тодорхой зорилготой байна гэдэг таныг идэвхижүүлэх гол хөшүүрэг болно.

Яагаад заавал зорилго тавих ёстой гэж?

Амжилтад хүрсэн тамирчид, бизнесменүүд бүгд л өөр өөрийн салбартаа тавьсан зорилготой байдаг. Зорилго тавина гэдэг танд урт хугацааны алсын хараа, богино хугацааны идэвхижүүлэлтийг бэлэглэнэ. Улмаар та өөрийн мэдлэг, ур чадвар дээр тулгуурлан хийж бүтээж, цагаа зөв зарцуулж, амьдралынхаа ихэнхи хувийг үр бүтээлтэй өнгөрөөнө гэсэн үг.
Тодорхой, хүрч болохуйц, хэмжигдэхүйц зорилготой байна гэдэг амжилтын амтыг мэдрүүлэх эхний алхам ба өөртөө итгэх итгэлийг чинь нэмэгдүүлэх хамгийн том хөшүүрэг юм.

Тэгвэл одоо хувийн зорилгоо тодорхойлцгооё!

Тодорхой үе шатуудын дагуу зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Үүнд:
·         Амьдралынхаа туршид юу хийхийг хүсэж байгаа, хэн болохыг хүсэж байгаагаа харуулсан томоохон зураглалыг бий болгох. Тэгээд үүндээ хүрэх урт хугацааны  арга замыг жагсаан бичих.
·         Эдгээр урт хугацааны төлөвлөгөөгөө жижиг жижиг зорилтуудад хуваах.
·         Нэгэнт төлөвлөгөөгөө болвсруулсан бол нягтлаад, төлөвлөгөөнийхөө дагуу хэрэгжүүлэх л үлдэж байгаа юм.
Ингэснээр дараагийн 5 жилийн зорилго, хийх ажлууд, дараагийн 3 жил, 1 жил, 1 сар, 7 хоног, өдөр гэх мэтээр хөвөрч улам хялбар болох ёстой юм.

Алхам 1: Амьдралынхаа зорилгыг тодорхойлох

Эхний алхам бол амьдралаасаа юуг хүсэж байгаа, түүнийгээ тодорхойлох юм. (Ядаж л хамгийн чухал хүслүүдээ жагсаах)
Бүрэн зураглал гаргахын тулд амьдралынхаа бүхий л чухал хэсгүүдийг бодолцож тус бүрт нь зорилго тавих нь илүү үр дүнтэй.


Карьер: Албан тушаал, карьерийн хувьд ямар түвшинд хүрэхийг хүсэж байна вэ? Вунд хүрэхийг зорьж байна вэ?

Санхүү: Хэдий хугацаанд ямар хэмжээний мөнгийг хураасан байхыг хүсэж байна вэ? Энэ нь таны карьер зорилготой хэр уялдаж байна вэ?

Боловсрол: Танд эзэмшихийг хүсэж буй мэдлэг, чадвар байна уу? Бусад зорилгодоо хүрэхийн тулд танд ямар ур чадвар, мэдлэг хэрэгтэй байна вэ?

Гэр бүл: Эцэг эх болохыг хүсэж байна уу? Тийм бол сайн эцэг эх болохыг хүсэж байна уу? Ирээдүйн гэр бүлийн хүнээ ямраар харж байна?

Гоо сайхны: Танд ямар нэгэн гоо сайхны холбогдолтой хүрэхийг хүсэж буй цэг байгаа юу?

Хандлага: Таныг хойш нь татаж байдаг томоохон дутагдал, хандлага байдаг уу? Та үүнийгээ сайжруулахыг хүсэж байна уу?

Биеийн: Эрүүл мэнд, бие махбодтой холбоотой зорилго байна уу? Өтөл насандаа эрүүл байх эсвэл бие галбираа өөрчлөх зэрэг ямар ч зорилго байж болно.

Хөгжих: Өөрийгөө хөгжүүлэх, хөгжөөх ямар ч зүйл байж болно. Амьдралаасаа таашаал, сэтгэл ханамж авах нь чухал биз дээ.

Нийтэд хандсан: Бусдын сайн сайхны төлөө ямар нэгэн зүйл хийхийг, илүү сайхан орчинг бүтээхийг хүсдэг үү? Тийм бол ямар?

Тус бүрт нь өөрийн хүсэж буй зүйлээ хамаагүй жагсааж brainstorming хийгээрэй. Дараа нь юу хүсэж байгааг чинь хамгийн тодорхой гаргаж өгөх зорилгуудыг тус бүрт нь тодорхойлж түүн дээрээ гол анхаарлаа төвлөрүүлээрэй.

Алхам 2: Зорилтууд буюу зорилгоо жижиг алхмуудад хуваах

Нэгэнт амьдралынхаа зорилгыг тодорхойлсон хойно одоо 10 жил, 5 жил, 3 жил гэх мэтчилэн цаг хугацаанд хийх зорилгуудаа тодорхойлоорой. Ингээд богино хугацааны зорилгуудаа үүсгэх нь гол бөгөөд, хамгийн гол нь үндсэн чигээсээ хазайхгүй байх нь чухал шүү. Эцэст нь зорилгод тулгуурласан өдөр бүр амжуулах хийх ажлын жагсаалт-ыг гаргаарай.