Байгууллагын соёл
Байгууллагын соёл гэж яг юу вэ? Өнөө үед ажилтан, удирдлага бүр
байгууллагын соёл гэж ярьдаг боловч, түүний ард яг юуг хэлээд байгаагаа сайн
ухамсарлаагүй байдаг. Нэгэн судалгаагаар нийт 500 корпорацийн 70% нь
байгууллагын соёлын асуудлуудын талаарх мэдлэг байдаггүй нь илэрсэн байна (Шерритон,
Штерн, 1997).
Корпарацийн соёл, уур амьсгал гэх мэтээр нэрлэгддэг байгууллагын соёл нь
угтаа байгууллагад ажиллаж буй хувь хүмүүсийн хуваалцаж буй үнэ цэнэ, итгэл
үнэмшил, уламжлал зэргээр тодорхойлогддог юм. Энэхүү соёл нь ажлын байран дах
тохиромжит зан үйлийн хэм хэмжээг тогтоож (юу нь зөв, юу нь буруу гэдгийг
ажилтнуудад ойлгуулж байдаг.), ажилтан, удирдлага хоёрын үүрэг роль, хүлээлтийг
тодорхойлдог.
Тэгвэл тэрхүү соёл нь өөртөө олон дэд соёлыг агуулж байдаг байна. Тухайлбал
“Монгол ахуй” гэдэг бол ердөө л нэг том соёлын дэд соёл юм. Яг үүн шиг
байгууллага бүрийн салбар болон хэлтэсүүд нь өөрсдийн гэсэн зан үйл, хэм
хэмжээг тогтоосон байгууллагын цогц соёлоос ялгагдах дэд соёлтой байж болно. Тэр
салбар хэлтэс бүр өөрчлөлтөд хэрхэн хандах нь тухайн дэд соёлоос хамаардаг
байна. Байгууллагын соёлыг та бидний мэдэх их дээд сургууль эсвэл коллежтой харьцуулж
үзье.
Жишээ нь та өөрийн сурч буй их сургууль эсвэл коллежийг нэгэн
том соёл бүхий байгууллага гэж авч үзвэл таны анги, хамт олон тэр соёлын дэд
соёл байх болно. Харин соёл, уур амьсгал гэдэгт нь оюутан бүрийн мөрдөх шударга
ёс, итгэлцэл зэрэг соёлын кодууд орно.
Хичээлийн эхний өдрөөс л ангид чинь үүсэх соёл тодорхой
болж болох юм. Тухайлбал ангийхан чинь бүгд хичээлээ идэвхитэй хийдэг бол та ч
гэсэн тэдний эгнээнд байхын тулд хичээлээ хийж эхэлнэ. Энэ бол тухайн ангийн
уур амьсгал, соёлыг бүрдүүлж буй нэг том хүчин зүйл. Хэрэв багш нь цагтаа ирж
хичээлээ заадаггүй бол аажимдаа оюутнууд нь хоцордог болно.
Байгууллага дээр яг л ийм үйл явц өрнөдөг гэсэн үг.
Удирдагч буюу удирдлага нь ямар хэм хэмжээг баримтална, ажилтнуудын хандлага ч
тийшээгээ чиглэж эхэлдэг. Мөн ажилтнуудын ихэнхи хэсэг нь ямар үнэ цэнэ, итгэл
үнэмшил хуваалцаж байна яг л тийм уур амьсгал, соёлыг бүрдүүлж байна гэсэн үг.
Байгууллагын соёл гэдэг өөрөө тэр тогтсон хэм хэмжээ, бичигдээгүй хуулиудын
нийлбэр гэж ойлгож болох юм.
Тиймээс байгууллагын соёлыг бүрдүүлж буй гол хүчин зүйлс нь ажилтан та
өөрөө, таны хамт олны бий болгож байгаа тэр хандлага, нийтлэг тал, түүнчлэн гол
хүч болох удирдагч, манлайлагч нар юм. Байгууллагын тогтсон соёлыг өөрчилж
болохгүй гэдэг маш өрөөсгөл ойлголт. Хамгийн гол нь тогтсон соёлынхоо эерэг
үндсэн хэсгүүдийг авч үлдээд, шинэ соёлын /хүсэмжилж буй уур амьсгал, харилцаа
холбоо/-г нэмж оруулах явдал юм. Үүнийг хийхэд тухайн соёлыг бүрдүүлж буй эд эс
бүхэн хүчин чармайлт гаргах хэрэгтэй билээ.
No comments:
Post a Comment