Wednesday, November 6, 2013

Стресс менежмент стратеги

Өмнөх нийтлэлд стресс менежмент гэж юу болох, түүнийг хэрэгжүүлэхийн тулд стрессийн эх сурвалжаа тодорхойлж, тэдгээртэй тэмцэх арга барилууддаа өөрчлөлт оруулснаар хэрхэн стрессээс ангижирч болохыг өгүүлсэн билээ. Харин одоо танд хамгийн хэрэгтэй стратегиудыг буюу арга замыг тань зааж өгч байна.


Стратеги #1 Шаардлагагүй стрессээс аль болох зайлсхий

Бүх стресст хүчин зүйлээс татгалзаж, холуур тойрч чадахгүй ч гэсэн танаас шалтгаалсан болон шалтгаалаагүй олон хүчин зүйлсээс татгалзаж, өөрийн стрессээ бууруулж болно. Тухайлбал:

·         Үгүй гэж хэлж сур: Өөрийн хийж чадах, хариуцлага үүрэх хэмжээ, хязгаараа мэдэж, түүндээ тохирсон ачаалал авснаар таныг стрессдүүлдэг тэр бүх сөрөг хүчин зүйлсээс ангижрах боломжтой. Тухайлбал та үнэхээр амжихгүй эсвэл хүсэхгүй байгаа юмыг онцын шаардлагагүй үед хүлээн зөвшөөрч хийх хэрэггүй. Уучлаарай, чадахгүй нь, амжихгүй нь эсвэл шулуухан үгүй гэж хэлж сурснаар таныг стрессдүүлдэг сөрөг дарамт үгүй болох боломжтой.

·         Танд сөрөг мэдрэмж төрүүлдэг, стрессдүүлдэг хүмүүсээс зайгаа барь: Хэрэв хэн нэгэн таны амьдралд сөрөг энергийг авчирч, түүнээс болж та стрессддэг, дээрээс нь түүнтэй холбогдсон харилцаа, холбоогоо өөрчилж чадахгүй байгаа бол зүгээр л тэр хүнтэй хамт өнгөрөөх цаг хугацаагаа багасгах хэрэгтэй. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд зарим найз нөхөд нь энэ хүрээнд хамаардаг тул стрессээ багасгахын тулд тэднээсээ зайгаа барих нь илүү ашигтай юм.

·         Орчин тойрондоо хяналт тавь: Оройны мэдээ үзэж байнга стрессддэг бол телевизээ л унтраа, замын түгжрэл бухимдлыг чинь төрүүлдэггүй бол түгжрэл багатай зам хайж олох эсвэл арай эрт гарч өөр замаар явах гэх мэт. Орчин тойронд чиь байнга байдаг стрессийн эх сурвалжийг та л өөрөө зохицуулна.

·         Халуун сэдвүүдээс татгалз: Хүн бүрт ярих дуртай, гэсэн ч эцэстээ бөөн бухимдал болж дуусдаг сэдвүүд байдаг. Хэрэв та нэг сэдвийг нэг л хүрээний хүмүүстэй давтан ярилцдаг, түүнээсээ болоод бухимдаж стрессддэг бол тэр сэдвээ хаях л хамгийн зөв шийдэл юм.
·         Хийх ажлын жагсаалтаа шинэчил: Хэрэв ачаалал чинь хат давсан байгаа бол хийх ёстой зүйл, хэрэгтэй зүйл, яаралтай, яаралгүй гэх мэтчилэн ажлуудаа ангилж цэгцлээрэй.

Стратеги #2 Нөхцөл байдлыг өөрчил

Хэрвээ стрессийн эх сурвалж, эсвэл тийм нөхцөл байдлаас зайлсхийж чадахгүй байгаа бол түүнийг өөрчлөхөөр хичээх хэрэгтэй. Зарим зүйлсийг өөрчилснөөр ирээдүйд тухайн асуудал чинь яг тэр хэвээрээ бууж ирэхгүй нь ашигтай. Энэ өөрчлөлт гэдэгт ихэвчлэн таны өөрийн харилцаа, өдөр тутамдаа гаргадаг зан үйл чинь багтдаг.

·         Өөрт төрсөн мэдрэмж, сэтгэгдлээ хадгалж үлдээхийн оронд илэрхийл: хэрэв хэн нэгэн танд таагүй мэдрэмж төрүүлэх үйлдлүүдийг хийсээр байх, эсвэл ямар нэгэн хэмжээгээр та хоёрын харилцаанд зөрчил байгаа бол өөрийн сэтгэгдэл, мэдрэмжээ нууж үлдээхийн оронд соёлтой, эелдэг байдлаар тухайн мэдрэмжээ илэрхийлсэн нь дээр. Ингэснээр та өөрийн сэтгэл хөдлөлийг зөв зохистой аргаар илэрхийлж гаргах, улмаар өөрийгөө блоклохгүй ач холбогдолтой.

·         Буулт хийхэд бэлэн бай: хэрэв та хэн нэгнээс өөрчлөлтийг хүсэж байгаа бол өөрийгөө ч бас өөрчилж харуулах хэрэгтэй. Харилцаанд болон өөр бусад хүчин зүйлс дээр зөв буулт хийж чадсан тохиолдолд та ч, нөгөө харилцагч тань ч сэтгэл хангалуун үлдэнэ. Зарим үед хэт хэлбийхгүй, төвийг сахих нь ч бас харилцаанд чухал нөлөө үзүүлдэг.

·         Илүү өөртөө итгэлтэй, эрч хүчтэй байгаарай: Өөрийнхөө амьдралд эзэн нь байж хойш суухаас татгалзах хэрэгтэй. Асуудлуудтай нүүр тул, тэмц, хэзээ ч бүү бууж өг. Маргааш чухал ажилтай бол өнөөдрийн яриагаа дуусгаад очиж бэлд, хий дэмий сэлгүүцэхийн оронд ирээдүйн зорилгодоо хүргэх ямар нэгэн юмыг хий. Амьдралынхаа төлөө эрч хүчтэйгээр тэмцсэнээр та өөртөө итгэх итгэлийг ч олж авна.

·         Цагаа зөв зохион байгуул: Цагийн менежмент сул байх нь таны стрессийн гол эх сурвалжуудын нэг юм. Сайн бодож нарийн төлөвлөсөн үед хийж амжуулах зүйлс нь ч тодорхой байдаг. Ингэснээр хэт их ачааллаас зайлсхийж ч болох юм.

Стратеги #3 Дасан зохицох

Хэрэв тухайн стрессийн эх сурвалжийг өөрчилж чадахгүй бол өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Хүн бүр стресс бүхий нөхцөл байдалд дасан зохицох чадвартай байдаг ба дасан зохицно гэдэг нь энэ тохиолдолд  хүлээлт болон хандлагаа өөрчлөх үйл явц юм.

·         Асуудлыг өөрөөр хар. Үүсч буй нөхцөл байдал, асуудлыг харж буй өнцгөөсөө өөрөөр хараад үз. Жишээ нь замын түгжрээнд суухдаа бухимдах биш оронд нь өөртөө зарцуулах хэсэгхэн хугацааг ч болов гаргаж өгч байна гэж бодож яагаад болохгүй гэж. Дуртай радиогоо сонсож эсвэл өөртөө дүн шинжилгээ хийхэд замын түгжрээ тусалж болох юм.

·         Томоор хар. Стресс бүхий нөхцөл байдлыг оношилж дүгнэ. Үүсээд байгаа нөхцөл байдал, асуудал үнэхээр таны амьдралд удаан хугацаанд сөрөг нөлөө үзүүлэх, жил, хэдэн сараар үргэлжлэх зүйл үү? Үнэхээр энэ асуудлыг бодож сэтгэл санаагаар унах шаардлагатай юу? Хэрэв үгүй бол өөрийн эрч хүч, сэтгэл санаа, цаг хугацаагаа өөр хэрэгтэй зүйлд зарцуулсан нь дээр биз дээ.

·         Өөрийн зарчим, шаардлагуудаа эргэн хар. Төгс төгөлдөр рүү тэмүүлэх нь хүнийг стресст оруулах бас нэг том хүчин зүйл юм. Тиймээс хийж чадах бүхнээ хийгээд түүндээ сэтгэл хангалуун байж сурах хэрэгтэй.

·         Эерэг зүйлд төвлөр. Та стрессдэж бухимдаж байгаа бол түр ч гэсэн өөртөө зав гаргаад амьдралдаа баярлаж явдаг, сэтгэл хангалуун байдаг эерэг зүйлсээ эргэн нэг бодоорой. Юм бүхэн тийм ч муу биш. Байнга үргэжлэх хэцүү зүйл гэж байдаггүй билээ.

Стратеги #4 Өөрчилж чадахгүй зүйлсээ хүлээн зөвшөөр

Зарим хүчин зүйлсийг үнэхээр яаж ч хичээгээд өөрчилж эсвэл алга болгож чадахгүй байх нь бий. Тухайлбал хайртай хэн нэгнээсээ хагацах, хүнд өвчин тусах, байгалийн гамшиг тохиолдох гэх мэт. Та нөхцөл байдлыг нь ч өөрчилж чадахгүй, дээрээс нь танаас гарах өөрчлөлт ч нэмэргүй бол энэ бүгдийг хүлээн зөвшөөрч болох юм. Нэгэнт тохиолдсон юмыг эргэж буцаах боломжгүй байдаг. Ийн нөхцөл байдлыг байгаагаар нь хүлээн зөвшөөрснөөр түүнтэй тэмцэлдэх удаан хугацааны үр дүнгүй аянгаас таныг аварна. Хэдий харамсалтай хэрэг болсон байж болох ч өнгөрснөөс илүү ирээдүй рүүгээ харж амьдрах нь бидний мөн чанар билээ.

·         Хянаж болохгүй нөхцөл байдлыг хянах гэж хичээх хэрэггүй. Биднээс шалтгаалахгүй маш олон зүйл байдаг. Тухайлбал бид хичнээн хичээсэн ч бусдыг өөрчилнө гэдэг амаргүй даваа. Харин тэр эрч хүчийг өөрийнхөө шийдэж чадах асуудлуудад зарцуулсан нь дээр. Асуудлыг чамаас шалтгаалсан шийдэж чадах, чамаас шалтгаалахгүй-шийдэж чадахгүй гэж хуваах нь мөн үр дүнтэй.

·         Боломжийг олж хар. Тулгарч буй асуудал бүхэн танд шинийг сурах, туршлагажих, өөрийгөө сорих боломжийг олгож байдаг. Хэрэв та өөрийн буруугаас үүдээд шаналж байгаа бол зөвхөн бухидахын оронд түүнээс хэрхэн суралцахаа бодоорой.

·         Мэдрэмжээ хуваалц. Дотны хэн нэгэнтэй эсвэл мэргэжлийн хүмүстэй уулзалт товлон өөрт тохиолдсон асуудал, нөхцөл байдлыг ярилцах нь өөрөө ужгирч мэдэх тэр стрессээс гаргахад маш сайн эм болдог. Дотроо байгаа бүхнээ ярьж, хуваалцах нь таныг эрүүл байхад тусална.

·         Уучилж сур. Бид төгс төгөлдөр хорвоо ертөнцөд амьдраагүй. Нэгэнт л хүн бүр алдаа хийдэг болохоор уур, бухидал, өшөө, хорслоо өнгөрөөж уучилж сурах хэрэгтэй. Та өөрөө ч алдаа хийдэг байтал хэн нэгнийг алдаа хийсний төлөө огт уучлахгүй байж болно гэж үү? Өөрийгөө тэр бүх сөрөг энергээс чөлөөлж, уучлан тайвшралыг олж, цааш хөдлөөрэй.

Стратеги #5 Амрах, хөгжилтэй байх цагийг өөртөө гарга


Өөрийгөө хөгжүүлж, өөртөө анхаарал хандуулснаар стрессээ бууруулах ач холбогдолтой.
Амарт тайвшрах эрүүл аргууд


Гадуур алх
Халуун цай эсвэл кофе уух
Байгаль, эрүүл агаарт цагаа өнгөрүүл
Тэжээмэл амьтантайгаа тоглох, эрхлүүлэх
Дотны найзтайгаа уулз
Массажинд орох
Биеэ чийрэгжүүл
Хөгжим сонсох
Ваннанд суух
Хошин шог үзэх гэх мэт
Бага зэргийн чихэрлэг зүйл идэх


·         Амралтын цаг гаргах. Өдөр бүрийн цагийн хуваарьтаа амрах, тайвшрах цагийг заавал гаргаарай. Ингэснээр ажиллах эрч хүчээ нөхөж авах боломжтой

·         Бусадтай, харилцаа, холбоо тогтоо. Амьдралыг чинь гэрэл гэгээтэй болгодог, чамайг дэмждэг хүмүүстэйгээ уулзаж, эрч хүч авч байхаа мартуузай.

·         Өдөр бүр ямар нэг хөгжилтэй зүйл хий. Өөрт чинь хөгжөөн, эрч хүч бэлэглэх бяцхан ч гэсэн хобби, сонирхолтой бол. Дугуй унах, хөгжим тоглох, шүлэг бичих өөр юу ч байсан болно.

·         Хошин шогийн мэдрэмжээ дээшлүүл. Чин сэтгэлээс инээх бол стрессээс ангижрах энгийн хэрнээ хамгийн үр дүнтэй арга. Инээснээр хүний бие махбод стрессээс өөрийгөө ангижруулж байдаг.

Стратеги # 6. Эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүл.

Бие махбодоо эрүүл чийрэг байлгаснаар стрессээс урьдчилан сэргийлэх дархлаа чинь нэмэгдэнэ.

·         Дасгал хий. Өдөр тутамдаа хөнгөн дасгал хийж хэвшсэнээр стрессийг багасгаж, түүнд өртөхгүй байх магадлалыг нэмэгдүүлдэг ач тустай. Нэг өдөрт ядаж л 30 минутын дасгал хийх хугацааг гаргаж, долоо хоногийн 3 өдөр хийхэд л болно. Биедээ бага зэргийн ачаалал өгч, хөдөлж байх нь өөрөө стрессээс сэргийлэх шилдэг эм.

·         Эрүүл хоолло. Өөрийн хооллолтондоо бага зэрэг анхаарал тавьж хортой зуршил, хооллолтоосоо багахан ангижрахад л хангалттай. Өглөө бүр өглөөний цай ууж хэвших нь л өөрөө эрүүл хооллолтын эхлэл болно.

·         Каффейн, чихэр багасга. Энэ хоёр зүйл орсон хүнсний бүтээгдэхүүнийг багасгаснаар бие чинь хөнгөрч стресст өртөх магадлал багасна.

·         Архи, тамхи, мансууруулах төрлийн бодисноос татгалз. Архи, тамхи зэргийг хэрэглэх нь стрессээс амархан гарах арга мэт харагдаж байж болох ч тэрхүү өгч буй тайвшрал нь ердөө түр зуурын, аргацаасан байдаг. Тэр ч байтугай тухайн нөхцөл байдал, асуудлыг улам л лавшруулж байдаг.

·         Нойроо хангалттай авах. Ядрах нь эрүүл мэндэд ч, сэтгэл санаанд ч стресстэх гол нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс сайн амарч, хангалттай нойр авах нь эрүүл мэндээ хамгаалах томоохон арга зам юм.  


Хүн бүр өөр өөрийн гэсэн онцлогтой тул өөрт тохирсон аргуудаа сонгон хэрэглээрэй. Та бүхэнд амжилт хүсье. 

Tuesday, November 5, 2013

Стресс менежмент

Бүх юм хааяа хэцүү санагдаж, дааж давшгүй ачаа үүрээд байгаа мэт мэдрэмж төрж байсан уу? Эсвэл хий дэмий бухимдаж, уцаарлаж, юм бүхэн болохгүй зүг рүүгээ эргээд байгаа мэт мэдрэмж төрдөг үү? Өнөөгийн нийгэмд буюу орчин цагт бухимдал гэдэг зүйл хаа сайгүй таныг ч бусдыг ч дагах болжээ. Замын түгжрээ, цаг завгүй амьдрал, ажлын байран дээр болсон асуудал гээд шөнө ч нойрыг чинь хулжаадаг асуудлуудаас үүдээд бид “стресс” гэсэн үгийг олонтаа хэрэглэх болж.



Тэгвэл тэр “стресс” тийм муу зүйл үү? Түүнийг бид яаж ч хичээгээд шийдэж чадахгүй юу? Хариулт нь тун энгийн “үгүй”. “Стресс” гэдэг та бидний бодож байгаа шиг тийм ч айхтар муу зүйл биш, тунг нь тааруулвал эерэг хүчин зүйл ч болдог. Дээрээс нь та бид бодож байгаагаасаа ч илүү “өөрийн хяналт”-тай байдаг ба тэрхүү сөрөг стрессийг даван туулах хүч чадал бүгдэд нь бий. Яаж гэдэг арга замыг танд хүргэе.


“Стресс менежмент” нь бүхэлдээ “стресс”-ийг өөрийн мэдэлд оруулах буюу өөрөө өөрийгөө хянан захирах ухаан л юм. Энэ нь өөрийн бодол, сэтгэл хөдлөл, зохион байгуулалт, асуудлыг шийдвэрлэх арга барилдаа хяналт тавьж, хэсэгхэн өөрчлөлтийг хийх гэсэн үг.

Стрессийг үүсгэгч хүчин зүйлсээ тодорхойл. Стресс менежмент нь таны амьдралд стресс, бухимдлыг үүсгээд байгаа тэр хүчин зүйлсээ тодорхойлсноор эхэлдэг. Энэ нь харагдаж байгаа шигээ тийм ч хялбар зүйл биш юм. Учир нь жинхэнэ үүсгэгч хүчин зүйлс нь үргэлж илэрхий байж чаддаггүй. Ялангуяа өөрийнхөө бодол, зуршил, зан үйлээ үнэлж дүгнэн, шинжилнэ гэдэг хэцүү. Гэхдээ хичээвэл боломжтой. Тухайлбал та мэдээж ажлаа хугацаанд нь амжуулахгүй байх вий гэхээс айж, стрессдэж байж болох юм. Гэтэл яг үнэндээ стрессийн эх үүсвэр тань ажлаа амжуулах сүүлийн хугацаа чинь биш харин хийх ёстой ажлаа хойшлуулж байсан тэр зуршил чинь юм.

Стрессийн эх сурвалжыг тодорхойлохын тулд өөрийн хандлага, зуршил, шалтгаанууддаа дүн шинжилгээ хийх хэрэгтэй:
·         Та стрессийн талаар байнга ярьдаг уу? /Толгойны үснээс их ажилтай байна, өөртөө цаг ч гаргаж амжихгүй юм гэх мэт/
·         Та стрессээ өөрийн нэг хэсэг мэтээр ойлгож, хүлээж авдаг уу? /Юу ч хийсэн үргэлж л стресстэй байдаг, би угаасаа л ийм хүн, юманд санаа зовохгүй байж чаддаггүй гэх мэтээр/
·         Та ямар нэгэн стресст хүчин зүйлийг үргэж бусад руу эсвэл нөхцөл байдал руу түлхдэг үү? /Захирал л ийм байгаагүй бол би ингэтлээ стрессдэхгүй байсан гэх мэт/
·         Бүр эсрэгээрээ стрессийг байх ёстой зүйл гэж хүлээж авдаг уу? /Ажил үргэлж л стресстэй байдаг, хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй гэх мэт/

Стрессийн эх сурвалж буюу хүчин зүйлсийг зөв тодорхойлсноор та ядаж л юунаас болоод бухимдаж, юунаас болоод нойргүйдээд байгаагаа ойлгоно. Тэгээд өөрөөс чинь шалтгаалах зүйл байна уу эсвэл огт өөрөөс чинь шалтгаалаагүй байна уу гэдгийг ангилж чадах юм. Нэгэнт ангилсан бол та юу хийж чадах, юу хийж чадахгүйгээ мэдэж авна шүү дээ. Нэгэнт таны зүгээс хийх юм байхгүй бол та энд стрессдээд ямар үр дүнд хүрэхэв дээ, тийм үү?

Стресстэй хэрхэн тэмцэж буй аргаа тодорхойл.Амьдралдаа тохиолдсон сөрөг асуудлууд, стресс бухимдлыг хэрхэн зохицуулдаг, яаж даван туулдаг өөрийн арга барилаа эргэн нэг харах цаг иржээ. Та сөрөг стресстэй эрүүлээр тэмцээд байна уу эсвэл эрүүл бус аргаар тэмцээд байна уу. Өөрийн тань арга барил үр дүнгээ өгч, тусалж чадаж байна уу эсвэл үгүй юу гэдгийг туршлагаасаа харах хэрэгтэй. Харамсалтай нь ихэнх хүн буруу аргаар тэмцээд асуудлыг улам л хурцатгаад байдаг байна.

Стресстэй тэмцэх эрүүл бус, үр дүнгүй аргууд нь:


·         Тамхи татах
·         Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх
·         Хоолны дуршил хэт нэмэгдэх эсвэл хэт буурах
·         Телевиз, компьютерийн урд хэт их цагийг өнгөрөөх
·         Найз нөхөд, гэр бүлээсээ хөндийрч, цагийг идэвхитэй өнгөрүүлэхээс татгалзах
·         Амарч тайвшрахын тулд мансууруулах төрлийн эм, бодис хэрэглэх
·         Хэтэрхий их унтах
·         Юмыг хойш нь тавих, зугтах
·         Асуудалтай нүүр тулахаас байнга зайлсхийх
·         Бусад руу стрессээ халдаах буюу уцаарлах, уураа гаргах, бухимдах, зарим тохиолдолд хүч хэрэглэх гэх мэт



Стрессээ зохицуулах шинэ, эрүүл арга барилд суралцах:
Нэгэнт дээрх аргууд үр дүнгүй, дээрээс нь хор уршигтай нь тогтоогдсон тул одоо танд хамаагүй ашигтай эрүүл аргад суралцах цаг иржээ. Тийм түм буман арга байдаг ч бүгд нэг л зүйлийг шаарддаг. Тэр нь бяцхан хэмжээний өөрчлөлт юм. Та өөрийнхөө байгаа нөхцөл байдлыг эсвэл өөрийн хариу үйлдлийг өөрчлөхөд л хангалттай. Алийг нь сонгохоо эргэлзэж байвал 4А-г бодоод үзээрэй. 4А: avoid- зайлсхийх, alter- өөрчлөх, adapt- дасан зохицох, or accept- хүлээн зөвшөөрөх

Хүн бүр стрессийг зохицуулах өөрийн гэсэн өвөрмөц арга барилтай байж болно. Угаас хүн бүр өөр өөрийн гэсэн онцлогтой тул бүгдэд нь таарах шилдэг арга гэж үгүй. Өөртөө тохирсон аргыг л олж чадвал, бүх арга шилдэг юм.

Стресс бүхий нөхцөл байдлыг зохицуулах нь: 4A
Нөхцөл байдлыг өөрчлөх
Хариу үйлдлээ өөрчлөх
-          Стрессийг үүсгэгч хүчин зүйлсээс зайлсхийх
-          Стрессийг үүсгэгч хүчин зүйлсэд дасан зохицох

-          Стрессийг үүсгэгч хүчин зүйлсийг өөрчлөх
-          Стрессийг үүсгэгч хүчин зүйлсийг хүлээн зөвшөөрөх

Тухайлбал ажлын байран дээр гарч буй зөрчил зөвхөн тэр нэг хүнээс шалтгаалж байна гэж бодьё. Муугар бодвол шүү дээ. Тэгвэл түүнээс болж стрессдэхийн оронд зүгээр л тухайн хүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх /энэ хүн угаасаа л ийм хүн шүү дээ /, эсвэл дасан зохицож аль болох эерэг аргаар хамтран ажиллаж болох юм. Харин тухайн хүнийг өөрчилнө гэдэг туйлын хэцүү л болов уу. Хүний хандлага өөрчлөгдөхийн тулд маш их тэвчээр, дээрээс нь хүч хөдөлмөр зарцуулна. Мөн тухайн хүн өөрөө хүсэж байж л өөрчлөлтийг эхлүүлнэ. Тиймээс өөрөөсөө өөр хэн нэгнийг өөрчилнө гэдэг хамгийн муу хувилбар байж болох юм.

Стресс менежментийн эхлэл бол эхлээд стрессийн эх сурвалж болон түүнтэй хэрхэн тэмцэж буй өөрийн арга барилдаа дүн шинжилгээ хийх юм. Үүний дараагаар өөрт тохирох шинэ арга барилд бяцхан өөрчлөлтийн тусламжтайгаар суралцсанаар сөрөг стрессээс ангижрах таны аялал үр дүнгээ өгч эхэлнэ. Мэдээж тэр арга барилд тань нэмэр болохуйц хэд хэдэн шипи байгаа ба дараагийн нийтлэлд танд хүргэе. Стрессийг зохицуулагч нь та өөрөө юм шүү. Амжилт хүсье!


-          Дараагийн нийтлэлд стресс менежмент стратеги # 1,2,3,4,5,6-г хүргэнэ -