Tuesday, November 5, 2013

Стресс менежмент

Бүх юм хааяа хэцүү санагдаж, дааж давшгүй ачаа үүрээд байгаа мэт мэдрэмж төрж байсан уу? Эсвэл хий дэмий бухимдаж, уцаарлаж, юм бүхэн болохгүй зүг рүүгээ эргээд байгаа мэт мэдрэмж төрдөг үү? Өнөөгийн нийгэмд буюу орчин цагт бухимдал гэдэг зүйл хаа сайгүй таныг ч бусдыг ч дагах болжээ. Замын түгжрээ, цаг завгүй амьдрал, ажлын байран дээр болсон асуудал гээд шөнө ч нойрыг чинь хулжаадаг асуудлуудаас үүдээд бид “стресс” гэсэн үгийг олонтаа хэрэглэх болж.



Тэгвэл тэр “стресс” тийм муу зүйл үү? Түүнийг бид яаж ч хичээгээд шийдэж чадахгүй юу? Хариулт нь тун энгийн “үгүй”. “Стресс” гэдэг та бидний бодож байгаа шиг тийм ч айхтар муу зүйл биш, тунг нь тааруулвал эерэг хүчин зүйл ч болдог. Дээрээс нь та бид бодож байгаагаасаа ч илүү “өөрийн хяналт”-тай байдаг ба тэрхүү сөрөг стрессийг даван туулах хүч чадал бүгдэд нь бий. Яаж гэдэг арга замыг танд хүргэе.


“Стресс менежмент” нь бүхэлдээ “стресс”-ийг өөрийн мэдэлд оруулах буюу өөрөө өөрийгөө хянан захирах ухаан л юм. Энэ нь өөрийн бодол, сэтгэл хөдлөл, зохион байгуулалт, асуудлыг шийдвэрлэх арга барилдаа хяналт тавьж, хэсэгхэн өөрчлөлтийг хийх гэсэн үг.

Стрессийг үүсгэгч хүчин зүйлсээ тодорхойл. Стресс менежмент нь таны амьдралд стресс, бухимдлыг үүсгээд байгаа тэр хүчин зүйлсээ тодорхойлсноор эхэлдэг. Энэ нь харагдаж байгаа шигээ тийм ч хялбар зүйл биш юм. Учир нь жинхэнэ үүсгэгч хүчин зүйлс нь үргэлж илэрхий байж чаддаггүй. Ялангуяа өөрийнхөө бодол, зуршил, зан үйлээ үнэлж дүгнэн, шинжилнэ гэдэг хэцүү. Гэхдээ хичээвэл боломжтой. Тухайлбал та мэдээж ажлаа хугацаанд нь амжуулахгүй байх вий гэхээс айж, стрессдэж байж болох юм. Гэтэл яг үнэндээ стрессийн эх үүсвэр тань ажлаа амжуулах сүүлийн хугацаа чинь биш харин хийх ёстой ажлаа хойшлуулж байсан тэр зуршил чинь юм.

Стрессийн эх сурвалжыг тодорхойлохын тулд өөрийн хандлага, зуршил, шалтгаанууддаа дүн шинжилгээ хийх хэрэгтэй:
·         Та стрессийн талаар байнга ярьдаг уу? /Толгойны үснээс их ажилтай байна, өөртөө цаг ч гаргаж амжихгүй юм гэх мэт/
·         Та стрессээ өөрийн нэг хэсэг мэтээр ойлгож, хүлээж авдаг уу? /Юу ч хийсэн үргэлж л стресстэй байдаг, би угаасаа л ийм хүн, юманд санаа зовохгүй байж чаддаггүй гэх мэтээр/
·         Та ямар нэгэн стресст хүчин зүйлийг үргэж бусад руу эсвэл нөхцөл байдал руу түлхдэг үү? /Захирал л ийм байгаагүй бол би ингэтлээ стрессдэхгүй байсан гэх мэт/
·         Бүр эсрэгээрээ стрессийг байх ёстой зүйл гэж хүлээж авдаг уу? /Ажил үргэлж л стресстэй байдаг, хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй гэх мэт/

Стрессийн эх сурвалж буюу хүчин зүйлсийг зөв тодорхойлсноор та ядаж л юунаас болоод бухимдаж, юунаас болоод нойргүйдээд байгаагаа ойлгоно. Тэгээд өөрөөс чинь шалтгаалах зүйл байна уу эсвэл огт өөрөөс чинь шалтгаалаагүй байна уу гэдгийг ангилж чадах юм. Нэгэнт ангилсан бол та юу хийж чадах, юу хийж чадахгүйгээ мэдэж авна шүү дээ. Нэгэнт таны зүгээс хийх юм байхгүй бол та энд стрессдээд ямар үр дүнд хүрэхэв дээ, тийм үү?

Стресстэй хэрхэн тэмцэж буй аргаа тодорхойл.Амьдралдаа тохиолдсон сөрөг асуудлууд, стресс бухимдлыг хэрхэн зохицуулдаг, яаж даван туулдаг өөрийн арга барилаа эргэн нэг харах цаг иржээ. Та сөрөг стресстэй эрүүлээр тэмцээд байна уу эсвэл эрүүл бус аргаар тэмцээд байна уу. Өөрийн тань арга барил үр дүнгээ өгч, тусалж чадаж байна уу эсвэл үгүй юу гэдгийг туршлагаасаа харах хэрэгтэй. Харамсалтай нь ихэнх хүн буруу аргаар тэмцээд асуудлыг улам л хурцатгаад байдаг байна.

Стресстэй тэмцэх эрүүл бус, үр дүнгүй аргууд нь:


·         Тамхи татах
·         Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх
·         Хоолны дуршил хэт нэмэгдэх эсвэл хэт буурах
·         Телевиз, компьютерийн урд хэт их цагийг өнгөрөөх
·         Найз нөхөд, гэр бүлээсээ хөндийрч, цагийг идэвхитэй өнгөрүүлэхээс татгалзах
·         Амарч тайвшрахын тулд мансууруулах төрлийн эм, бодис хэрэглэх
·         Хэтэрхий их унтах
·         Юмыг хойш нь тавих, зугтах
·         Асуудалтай нүүр тулахаас байнга зайлсхийх
·         Бусад руу стрессээ халдаах буюу уцаарлах, уураа гаргах, бухимдах, зарим тохиолдолд хүч хэрэглэх гэх мэт



Стрессээ зохицуулах шинэ, эрүүл арга барилд суралцах:
Нэгэнт дээрх аргууд үр дүнгүй, дээрээс нь хор уршигтай нь тогтоогдсон тул одоо танд хамаагүй ашигтай эрүүл аргад суралцах цаг иржээ. Тийм түм буман арга байдаг ч бүгд нэг л зүйлийг шаарддаг. Тэр нь бяцхан хэмжээний өөрчлөлт юм. Та өөрийнхөө байгаа нөхцөл байдлыг эсвэл өөрийн хариу үйлдлийг өөрчлөхөд л хангалттай. Алийг нь сонгохоо эргэлзэж байвал 4А-г бодоод үзээрэй. 4А: avoid- зайлсхийх, alter- өөрчлөх, adapt- дасан зохицох, or accept- хүлээн зөвшөөрөх

Хүн бүр стрессийг зохицуулах өөрийн гэсэн өвөрмөц арга барилтай байж болно. Угаас хүн бүр өөр өөрийн гэсэн онцлогтой тул бүгдэд нь таарах шилдэг арга гэж үгүй. Өөртөө тохирсон аргыг л олж чадвал, бүх арга шилдэг юм.

Стресс бүхий нөхцөл байдлыг зохицуулах нь: 4A
Нөхцөл байдлыг өөрчлөх
Хариу үйлдлээ өөрчлөх
-          Стрессийг үүсгэгч хүчин зүйлсээс зайлсхийх
-          Стрессийг үүсгэгч хүчин зүйлсэд дасан зохицох

-          Стрессийг үүсгэгч хүчин зүйлсийг өөрчлөх
-          Стрессийг үүсгэгч хүчин зүйлсийг хүлээн зөвшөөрөх

Тухайлбал ажлын байран дээр гарч буй зөрчил зөвхөн тэр нэг хүнээс шалтгаалж байна гэж бодьё. Муугар бодвол шүү дээ. Тэгвэл түүнээс болж стрессдэхийн оронд зүгээр л тухайн хүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх /энэ хүн угаасаа л ийм хүн шүү дээ /, эсвэл дасан зохицож аль болох эерэг аргаар хамтран ажиллаж болох юм. Харин тухайн хүнийг өөрчилнө гэдэг туйлын хэцүү л болов уу. Хүний хандлага өөрчлөгдөхийн тулд маш их тэвчээр, дээрээс нь хүч хөдөлмөр зарцуулна. Мөн тухайн хүн өөрөө хүсэж байж л өөрчлөлтийг эхлүүлнэ. Тиймээс өөрөөсөө өөр хэн нэгнийг өөрчилнө гэдэг хамгийн муу хувилбар байж болох юм.

Стресс менежментийн эхлэл бол эхлээд стрессийн эх сурвалж болон түүнтэй хэрхэн тэмцэж буй өөрийн арга барилдаа дүн шинжилгээ хийх юм. Үүний дараагаар өөрт тохирох шинэ арга барилд бяцхан өөрчлөлтийн тусламжтайгаар суралцсанаар сөрөг стрессээс ангижрах таны аялал үр дүнгээ өгч эхэлнэ. Мэдээж тэр арга барилд тань нэмэр болохуйц хэд хэдэн шипи байгаа ба дараагийн нийтлэлд танд хүргэе. Стрессийг зохицуулагч нь та өөрөө юм шүү. Амжилт хүсье!


-          Дараагийн нийтлэлд стресс менежмент стратеги # 1,2,3,4,5,6-г хүргэнэ -

No comments:

Post a Comment