Багийн тоглогч
Багаар ажиллах чадвар гэдэг
бараг бүхий л ажлын байранд тавигдах гол шаардлагуудын нэг байдаг билээ. Хувийн
зан араншин, сэтгэл хөдлөлөө ажлын байран дээр шууд гаргана гэдэг өнөөгийн
нийгэмд, ялангуяа 21-р зуунд туйлын тохиромжгүй асуудал болж хувирсан байна.
Та бусадтай хамтран ажиллаж чаддаг уу? Хэрвээ ажлын байранд хамтран
ажиллагсад нартайгаа таарамжтай ажиллаж, үр дүнд хүрч чаддаг бол та ажлын
байрны гол шалгууруудын нэгийг хангаж чадаж байна гэсэн үг. Түүгээр ч зогсохгүй
энэ нь таныг нээлттэй, нийгмийн харилцаа холбоог сайн хангадаг, шаардлагатай
ажил хэргүүдээ бусдын тусламжтайгаар болон бусалтай эерэг харилцаа үүсгэх
замаар шийдвэрлэж чаддагийг харуулж байгаа юм.
Цаашлаад багийн тоглогч болж чадаж байгаа нь тухайн хүнийг сэтгэл хөдлөлөө
удирдаж чаддаг, түүнийгээ эерэг харилцаа холбоог тогтооход хөрвүүлж чаддагийг
нотолно. Багаар ажиллахын гол утга учир нь олон төрлийн, өөр зан араншинтай
хүмүүстэй ажлын байран дээр зохицон ажиллаж, үр дүнг нь харах юм.
Ажлын байран дээр сэтгэл хөдлөлөө удирдана гэдэг мэргэжлийн гэх тодотголыг
тухайн хүнд зүүлгэдэг. Мэргэжлийн гэдэг нь үйл хөдлөл, хэлэх үг, үзэл бодлоо
ажлын байранд албан ёсны шинжтэйгээр харуулахыг хэлж байгаа хэрэг юм.
Гэхдээ багаар ажиллана, багийн нэг тоглогч болно гэдэг зөвхөн өөрийн сэтгэл
хөдлөлийг удирдах бус хамтран ажиллагсдынхаа буюу багийн гишүүдийнхээ сэтгэл
хөдлөлийг уншиж чаддаг байх, ажлаа гүйцэтгэхийн тулд тэрхүү сэтгэл хөдлөлд нь
тохирсон үр дүн бүхий арга хэмжээг хурдан авч чаддаг байхыг хэлнэ.
Мичиганы их сургуулийн гаргасан судалгаагаар өнөөгийн нийгэмд, ялангуяа
21-р зууны ажлын байранд сэтгэл хөдлөлөө хэт ил гаргах, түүнийгээ удирдаж
чадахгүй байна гэдэг томоохон алдаанд тооцогдож байна. Уг их сургуулийн сэтгэл
судлаач, багийн ажиллагаагаар мэргэшсэн Jeffrey Sanchez-Burks хэлэхдээ “хувийн эрх ашгаа умартаж, зөвхөн ажил дээрээ гол
анхаарлаа хандуулна гэдэг бүтээмжийг нэмэгдүүлдэг” гэсэн байна.
Тэгвэл хэрхэн өөрийн сэтгэл хөдлөлийг үр
дүнтэй байдлаар илэрхийлж харуулах вэ? Багаар ажиллахдаа анхаарах шаардлагатай
дараах хэдэн зөвлөгөөг байгууллагын сэтгэл судлаачид өгч байна:
Уян
хатан чанар. Багаар амжилттай ажиллахын гол түлхүүр бол уян хатан чанар юм. Таны явуулж
буй төсөл, үйл ажиллагаа санаснаар тань болохгүй байх, эсвэл огт өөр зүг рүү
эргэх тохиолдолд өөрийн стратеги, нөхцөл байдлыг шийдвэрлэх арга барилдаа
өөрчлөлт оруулах зэргээр өөрчлөлтөд дасан зохицох, уян хатан байх нь өнөөгийн эдийн засгийн байдалд нэг том давуу
тал болно.
Зөвшилцөх.
Олон
хүний үзэл бодол, санал санаачлага шингэсэн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийг
хэрэгжүүлнэ гэдэг хүнд даваа билээ. Тиймээс ямар ч ажил үүрэг гүйцэтгэхэд
багийн гишүүдийн санал бодол, ялангуяа таны саналтай зөрөлдөж буй хүмүүсийн
санал бодлыг сонсож сурах нь чухал юм. Олон талын харах өнцөг, үзэл бодлуудыг
тусгах нь багийг улам хүчирхэг, үр дүнтэй болгоно.
Магтаал,
шүүмжлэл. Бусдыг хэрхэн магтах, шүүмжлэх аргуудыг та эзэмшсэн үү? Аль аль нь л хэцүү
билээ. Хамгийн гол нь шударга гэхдээ эелдэг байх юм. Магтаалд бага зэрэг
өгөөмөр хандах нь ажилтнууд хоорондын харилцаа холбоог улам сайжруулдаг. Сэтгэл
судлаачдын зөвлөж байгаагаар багийн гишүүд, хамт олноо нийтийн өмнө магтаж,
харин шүүмжлэхдээ ганцаарчлан ярилцах нь илүү үр дүнтэй байдаг байна. Ингэснээр
бусдын санал зөвлөмжийг хүлээж авах, сонсох боломжийг бүрдүүлнэ.
Биеийн
хэл. Биеийн хэлийг ажлын байран дээр ашиглах нь нөлөө ихтэй. Ялангуяа нөгөө
хүнээ сонсохдоо сонсож буйгаа илэрхийлсэн биеийн хэлийг ашиглах нь зөвхөн
сонсоод өнгөрөх биш хүлээж авч буйг нь харуулж байгаа хэрэг юм.
Буруугаа
хүлээх. Нэг зүйл маш тодорхой. Хэрэв ямар нэгэн алдаа гаргасан бол түүнийгээ өөр
хүн рүү зайлуулах эсвэл бухах биш буруугаа хүлээж, уучлал эрэх ёстой. Энэ нь
насанд хүрсэн, хариуцлагатай хүний зан чанарыг илэрхийлэх ба багийн уур
амьсгалд чухал нөлөөтөй. Улмаар багийн бусад гишүүд чамд итгэж шударга байдлыг
тань хүндэтгэх болно.
Хүчтэй
ба сул. Ажлын ярилцлагын хамгийн нийтлэг асуулт бол таны давуу болон сул тал
байдаг. Багийн ажил бол үүнийгээ мэдэх хамгийн том боломж юм. Зарим хүмүүс
бичгийн харилцаанаас илүү биечлэн уулзах тал дээр давуу байдаг бол зарим нь
өрсөлдөөнөөс үүдээд өөрийн мэдлэг, ур чадварыг бусадтайгаа хуваалцах хүсэлгүй
байдаг. Баг бол нэгнийх нь сул талыг нөгөөгөөр нөхөж чадах гайхалтай систем юм.
No comments:
Post a Comment