Wednesday, December 18, 2013

ӨНГӨНИЙ СЭТГЭЛ ЗҮЙ
Та ямар нэгэн өнгөнд нөгөө өнгөнөөс илүү дуртай байдаг уу? Янз бүрийн өнгийг зэрэгцүүлэн харж үзээд ямар өнгө нь танд илүү мэдрэмж төрүүлж, ямархуу сэтгэгдэл үлдээж байгааг ажиглаад нэг үзээрэй. Магадгүй нэг өнгө танд гунигтай мэдрэмж төрүүлж байхад нөгөө өнгө нь танд эрч хүч бэлэглэж, сэргээж байж болох юм. Харин өөр нэг өнгө нь таныг тайвшруулж ч болно. Энэ нь өөрөө өнгөний сэтгэл зүй гэж нэрлээд байгаа зүйл юм. Өнгө танд яаж нөлөө үзүүлж байна тэр нь өнгөний сэтгэл зүйтэй холбогдоно гэсэн үг.

Хүн бүр өөрт нь янз бүрийн өнгүүд яаж нөлөөлдгийг илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсдэг. Яг үнэндээ хүний харааны түвшин, тэр атугай амьдрал, сэтгэл зүй, карьер гээд бүхий л зүйлсэд өнгө нөлөөлж байдаг.

Тухайлбал аливаа бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулахад ч, телевизээр ямарваа мэдээлэл дамжуулахад ч өнгө чухал нөлөөтэй. Тэр ч байтугай таны хэн нэгэнд өгөх үнэлэмжийг хүртэл өнгөөр дамжуулан өөрчилж болно. Ялангуяа улс төрчид, түүний ард байдаг баг өнгөний сэтгэл зүйг бүрэн утгаар нь хэрэгжүүлж чаддаг юм.

Өнгө бүр таны одоогийн зан байдал, хүртэхүй, дуртай, дургүй зүйлд гайхалтай нөлөө үзүүлж чадна. Учир нь энэ бүхэн таны тархинд програмчлагдсан байдаг юм. Өнчин тархи энэ бүхэнтэй холбогдож гал бол халуун муу зүйл, улаан бол аюултай, ногоон бол тайван гэх мэтчилэн бидэнд мэдээ өгч байдаг. Ийм ч учраас томоохон компаниуд үнэтэй бараагаа улбар шар өнгөтэйгээр үйлдвэрлэх эсвэл улбар шар өнгийн орчин, сав баглаа боодлыг бий болгодог. Ингэснээр хүнд сэтгэл зүйн хувьд илүү таатай, худалдан авах бололцоо бүхий мэдрэмжийг төрүүлдэг байна. Тэгвэл яагаад улаан өнгийг түргэн хоолны газар хамгийн ихээр ашигладаг вэ? Учир нь улаан өнгө идэх дур хүсэл /аппетит/-ийг өдөөж, хурдтай байдлыг илтгэдэг байна. Тэгэхээр түргэн хоолны газар түргэн шуурхай үйлчилж байгаа сэтгэгдлийг ч улаан өнгөөр дамжуулан хүргэдэг аж.  Та цэнхэр өнгөтэй хүнсний төрлийн зүйл идэх дуртай юу? Маш бага газрууд цэнхэр өнгөтэй хүнсний зүйл худалдаалдаг. Цэнхэр өнгө үнэндээ хүний идэх дур хүслийг бууруулж, өлсөөгүй мэт мэдрэмж төрүүлдэг байна. Тиймээс жингээ барьж буй хүмүүст зориулсан хоол хүнс цэнхэр туяатай эсвэл өнгөтэй /сав баглааны хувьд ч / байх нь бий. Гэхдээ өнгө гэдэг өөрөө бүхэллэг зүйл гэдгийг санах хэрэгтэй. Яагаад гэж үү? Цэнхэр өнгө хүний идэх дур хүслийг бууруулдаг гэж дөнгөж саяхан хэлсэн тийм үү? Гэтэл цэнхэр өнгөтэй тавган дээр тавьсан хоол цагаан өнгөтэй тавган дээр тавьсан хоолыг бодвол илүү хоол идэх хүслийг өдөөдөг байна. Зөвхөн хоол ч биш уух юмны тухайд ч ижил юм. Аливаа өнгө янз бүрийн нөлөөг аль ч байдлаар үзүүлж болно гэсэн үг л дээ. Нэгэн судалгаагаар цэнхэр өнгийн логотой хундаганаас улаан өнгөтэй хундагыг бодвол хүмүүс илүү юм ууж байсан байна. Харин улаан өнгийн тавагтай хоолноос илүү цэнхэр болон цагаан өнгийн тавагтай хоолыг илүүд үзэж байсан нь тогтоогдсон байна. Түүнчлэн өнгөний нөлөөг гайхалтайгаар харуулсан бас нэгэн энгийн жишээ бол бяслагны жишээ байсан байна. Хэрэглэгчид бага тослог бүхий бяслагийг сонгохдоо өнгөнд нь ихээхэн ач холбогдол өгч байсан бөгөөд хэрэв бяслаг хагас тунгалаг буюу цагаандуу өнгөтэй байх юм бол ихэнхи хэрэглэгч бяслагийг муу гэсэн дүгнэлт өгч байжээ.

Томоохон корпорациуд хэрэглэгчдээ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэхдээ  өнгийг ашиглаж, түүнийгээ сая сая долларыг зарцуулан тестэлж үзэж байна. Яагаад? Учир нь тэд өнгө хүний сэтгэл зүй, бүтээгдэхүүнийг хүртэж хүлээж авахад маш чухал нөлөөтэй гэдгийг ойлгосон юм.

Хэн нэгнийг хэрхэн хүлээж авах нь ч өнгөнөөс шалтгаалах юм. Харж байгаа зураг чинь танд ямар мессеж өгч чадах вэ гэдгийг хүртэл өнгө өөрчилж чадна. Тансаг зэрэглэлийн автомашины сурталчилгаанд ихэвчлэн саарал өнгийн автомашиныг үзүүлдгийг та анзаарсан уу? Саарал өнгө өөрөө тансаг, элбэг хангалуун мэдрэмжийг төрүүлдэг бөгөөд сурталчилгаандаа саарал машин ашигласнаар заавал тансаг, элбэг хангалуун гэж үгээр рекламдах биш зүгээр л тэр мессежийг хүмүүст төрүүлж чадаж байна гэсэн үг юм. Мянган үгнээс илүү нэг зураг илүү их ойлголт, төсөөллийг бий болгодог биз дээ. Тэгвэл судалгаагаар тэрхүү утгын 99%-ийг нь өнгө өгүүлж байдаг нь тогтоогдсон байна.

Тухайлбал нэгэн эмэгтэйг хоёр өөр янзаар хувцаслая.
#1 Эмэгтэйг 50-д оны америк хэв маягаар хөх өнгийн хүрэм, юбка өмсүүлсэн байна гэж төсөөлье.
#2 Харин хоёр дах хувилбарт нь улаан өнгийн хүрэм, юбка өмсүүлье. Гэхдээ ард фон нь цэнхэр өнгийн туяатай байна.

Тэгэхээр улаан, хөх гэсэн хоёр хувилбар гарч ирж байна. Аль хувилбар нь муу, жигшил зэвүүцэл төрүүлэм эмэгтэйн дүрийг илүү илэрхийлэх вэ? Ихэнхи нь улаан гэж хариулах байх? Яагаад? Учир нь улаан өнгө уур уцаарыг төрүүлж байдаг. Улаан өнгөөр хувцасланаар хэдийгээр эрх мэдэлтэй, хүчирхэг  харагддаг ч нөгөө талд эсрэгээрээ ч үйлчилж болдог. Харин хөх өнгө нь ганцаардмал байдал, цэцэн ухаан, төвийг сахисан итгэлтэй байдал зэргийг илтгэж байдаг. Тэгэхээр эхний асуултад хариулах бол хөх хувилбар яав ч биш болж таарах нь. Гэтэл би зурган дээр яг дээр хэлсэн шигээ муу, зэвүүцэл төрөм эмэгтэйн дүрийг гаргаж зураад хөх өнгөөр хувцасласан байвал тухайн зурагны өгөх мессеж нь улам л эвгүй, сөрөг болно. Нөгөө хөх өнгөний илэрхийлэл болсон ганцаардмал байдал, цэцэн ухаан, төвийг сахисан зэрэг нь тэр чигээрээ өөрчлөгдөнө гэсэн үг. Сонин биш гэж үү? Орчин үеийн кинонуудад шуналтай эсвэл онцгүй дүр бүтээж буй сайхан хүүхнүүд ихэвчлэн цагаан өнгийн хувцас өмсөж гарах болсон. Цагаан бол хүйтэн, хуурамч, хэтэрхий цэвэрхэн. Гэтэл үнэн хэрэгтээ цагаан өнгө сүр хүчтэй, цэвэр ариун гэх мэтчилэн билэг тэмдэг болж болдог шүү дээ. Тэгэхээр өнгө гэдэг хүний хүртэж хүлээж авч байгаад, дүгнэлт хийхэд яг л ийм мэдрэмж төрүүлдэг гэсэн үг. Яг л ийм арга замаар мөн нөлөөлдөг гэсэн үг. Өрөөгөө цагаанаар будахад зай том болсон мэт мэдрэмж төрүүлэх ч хүйтэн хөндий байдлыг мэдрүүлдэг. Нөгөө улаан өнгөө эргэн саная л даа. Саяхан л муу, зэвүүцэл төрүүлэм хүүхнийг бүтээхийн тулд улаан өнгийн хувцас ашигласан. Гэтэл судалгаагаар улаан өнгийн хувцас өмссөн эмэгтэйд эрчүүд илүү татагддаг нь тогтоогдсон байна.

Гол санаа нь бидний үзэж, харж байдаг кино, бичлэг, дууны клип гээд өмссөн зүүсэн, гэрэл ашигласан, ямар өнгө голлож байгаа нь бидний шүүмжлэлт сэтгэлгээ, дуртай байх, дургүй байх, ямар мессежийг ямар утгаар хүлээж авах гээд бүх зүйлд онцгой нөлөө үзүүлдэгт байгаа юм. Яг үүнийг улс төрчид яаж ашигладгийг америкийн томоохон улс төрчдийн сонгуульт ажил, хувцаслалт, хурал цуглаанаас харж болно. Итгэл төрүүлэхүйц харагдмаар байна уу, эсвэл сүр хүчийг мэдрүүлмээр байна уу, бүр төвийг сахиж, дунджийг баримтлаж байгаагаа ойлгуулмаар байна уу? Доорх шиг өнгийг ашигла:


Доорх хоёр зургийг харцгаая: 


Мэдээж энэ хоёр зураг төстэй. Гэхдээ та аль хувилбарт нь илүү итгэх вэ? Аль хувилбар нь танд илүү итгэл даахуйц, үнэнч шударга хүнийг санагдуулж байна? Хөх өнгийн зангиатай, хөх пиджактай хувилбарыг сонгох байх. Америкийн үе үеийн ерөнхийлөгчид бараг ижил гэмээр хувцас өмсдөг мэт харагдавч ямар үйл ажиллагаанд оролцохоосоо шалтгаалаад хувцасных нь өнгө өөрчлөгддөгийг анзаараарай. Хэрэв тэр олон нийттэй уулзах бол хөх өнгийн аксентийг илүүтэй сонгож хувцаслана. Харин европын орнуудтай уулзах зэрэг АНУ-ын сүр хүчийг гаргах уулзалтуудад улаан өнгийн зангиа зэрэг сүр хүч, эрх мэдлийг агуулсан өнгийг сонгосон байна. Үүнийг та европын орнуудтай уулзаж буй уулзалтад АНУ-ын ерөнхийлөгч агсан хэрхэн хувцасласнаас харж болно: 



Харин бусад улс орноос дэмжлэг хүсэх, давуу тал, өрөвдөл нигүүлслийг зэрэг харуулахыг хүсэж байгаа бол хөх өнгийн тон давамгайлсан хувцас өмссөн байгааг харж болох юм /Зураг 2 /. Хөх бол үнэнч шударга, тогтвортой байдлын илэрхийлэл билээ. Загварын зөвлөхүүд ажлын ярилцлагад орох гэж буй үйлчлүүлэгчдэдээ ихэвчлэн хөх өнгийг санал болгодог. Ингэснээр үнэнч шударга байдлыг илтгэхээс гадна хөх өнгө өөрөө тайвшруулах нөлөөтэй байдаг. Тархинд хөх өнгө тайвшруулах гормонуудыг идэвхжүүлдэг байна. 

Харин төвийг сахих буюу Израйл, Паластиний тал оролцсон уулзалт хийж буй бол өмссөн хувцас нь бор өнгөтэй байгаа юм. Ингэснээрээ тэр хэнд ч аюул заналхийлээгүй, нөхөрсөг уулзалт гэдгээ тодотгож байгаа юм. Бор өнгө нь аюулгүй, тайван өнгө юм. /Зураг 3/

Дээрх 3 зургийг зэрэгцүүлж тавиад харж болно. Эсвэл тус бүрд нь хараад ямар мэдрэмж төрж байгаадаа анализ хийгээрэй.

Хэрэв хоёр томоохон орны төлөөлөгч нар өөрсдийн итгэлтэй, үнэнч шударга байдлыг илэрхийлэхийг хүссэн бол яах вэ? Английн ерөнхий сайд болон АНУ-ын ерөнхийлөгч нар бараг л ижил гэмээр хувцаслажээ. Ийм тохиолдолд энэ хоёр бараг л нэг баг гэмээр байна. Тийм үү?


 Харин энэ зурган дээр /Зураг 5/ АНУ-ын ерөнхийлөгч ард түмэндээ өөрийн давуу тал, үзэл бодол, итгэл үнэмшил, эрч хүчээ харуулж ятгахыг хүсэж байна. Хэрэв энэ тохиолдолд хөх өнгийн зангиа сонгосон бол түүнийг хүчтэй өрсөлдөгч, ирээдүйн хүчирхэг ерөнхийлөгч гэж харуулж чадахгүй байх байсан. Харин улаан өнгө түүнийг тэмцэгч гэдгийг мөн нухацтай байгааг харуулж байгаа юм.

Зүгээр л гүүглдээд үзье. Обама гээд гүүглдэхэд түүний ямар үед ямар мэдрэмж, ойлголт төрүүлэхийн тулд хэрхэн зангианыхаа өнгийг бодлцсоныг харуулах олон зураг гарч ирнэ. Та шалгаад үзээрэй. Түүнийг хөрөг зурган дээрээ улаан зангиатай байгааг харах бараг л боломжгүй. Тэрээр өөрийгөө улс орныг эмчлэг, эдгээгч хэмээн таниулахыг хүссэн ба мэдээж түүнийг илэрхийлэх өнгө нь хөх бас саарал байх юм. Саарал өнгө нь цаг хугацааны хязгааргүй, бат бөх, прагматик хүн гэдгийн илэрхийлэл болно. Харин хөх өнгө нь найдвартай, итгэж болохуйц, үзэл бодолдоо үнэнч гэдгийг харуулна.

Зөвхөн өнгө яагаад бидэнд ийм том нөлөөг үзүүлж чадаж байгаа юм бол оо? Учир нь хэдэн мянган жилийн өмнөөс, бид бүрэн хөгжөөгүй амьтан байх явцаас эхлээд өнгийг амьд үлдэх хэрэгсэл болгон өөрийн тархиндаа суурилуулсантай холбоотой. Одоо бол бид амьд үлдэхийн тулд өнгийг ашиглах онц шаардлага байхгүй ч бидний тархинд суусан өнгөний талаарх ойлголт бидэнд нөлөөгөө гүн гүнзгий үзүүлсээр л байна гэсэн үг юм. Үзэсгэлэнтэй, сайхан цэцэгсийг харахад тэд бүгд л тод өнгөөр гэрэлтэж байдаг. Харин зөгий тэр өнгөний туяаг харж хамгийн залуу, шим тэжээл бүхий цэцэгсийг олдог байна. Хүний харж чаддаггүй тэр туяа зөгийнүүдэд энд хоол байна шүү гэсэн мэдээллийг өгдөг хэрэг. Зөгийний адилаар бид ч улаан болон улбар шар өнгийг хараад хоол хүнс бодогддог байна. Бид ногоон өнгийг хараад тайвшралыг мэдэрдэг. Учир нь бид тэр чигтээ ногоон өнгийн моддын дунд амьдардаг болохоор тэр. Тэнгэр хөх цэнхэр өнгөтэй. Тиймээс хөх өнгийг хараад бид аливаа нэг юмтай холбож бодохоос илүү сайхан тайван байдлыг мэдэрч чаддаг.

Нэгэн залуу шинэ төрсөн хүүхдэдээ зориулж өрөөг нь улбар шар өнгөөр будсан байна. Хүүхэд нь өдөр бүр л зогсоо зайгүй уйлах болж. Яагаад гэж үү? Хүүхдийг байнга наранд байлгаад байхаар унтаж, тайван байж чадах уу? Ер нь хүүхэдтэй хүмүүс улбар шар өнгөнөөс зайлсхийх хэрэгтэй. Өнөөх хүүхэд уйлж байгаа нь шар өнгөнөөс зайлсхийж ногоон өнгийг оруулаачээ гэж эцэг эхдээ хэлэхийг хүсэж байгаа нь тэр байх нь.

Өнгө хэрхэн нөлөөлдгийг кино найруулагчид илүү сайн мэдэж, шинжлэх ухааны талаас судалсан байдаг. Доорх хэдэн жишээгээс дэлгэрэнгүйг харцгаая.



 Дээд талын зураг нь илүү сэтгэлд нийцсэн харагдаж байж болох ч сайн ажиглаад харвал илүү хүйтэн мэдрэмж төрүүлж байна. Тиймээс арай илүү дулаан уур амьсгал оруулахын тулд бага зэргийн өнгөний тохируулга хийсэн байна. Энэмэтчилэн сэтгэл хөдлөл ихтэй зураг авалтыг өнгөний тохируулгаар илүү гаргаж өгөх, ямар сэтгэл хөдлөл, мэдрэмж үзүүлэх вэ гэдгээс шалтгаалан өнгөөр яаж ч тоглож болно.



Суурь өнгөнөөс гадна давхар хувцасны өнгө, загвар зэрэг өөрчлөгдөхөд өгүүлж буй санаа нь өөр харагдаж буйг мөн анзаараарай.

Өнгө бүхэн өөрийн өгүүлэмж, санааг илэрхийлдэг. Түүнээс гадна нэг бус хоёр илэрхийллийг давхар илэрхийлдэг. Улаан өнгө гэхэд хүсэл тэмүүлэл, хайр, дулаан байдал, хүчирхэг байдал, сэтгэл хөдөлгөсөн зүйлийг илэрхийлдэг ба эдгээр нь эерэг нөлөө юм. Харин эсрэгээр улаан өнгө нь уур хилэнг илэрхийлдэг. Улаан өнгө нь цусны даралтыг нэмэгдүүлж хэмнэлийг ихэсгэдэг. Бусдаар аль болох хурдан шийдвэр гаргуулж, хүлээлтийг нь ихэсгэхийн тулд улаан өнгийг мөн ашигладаг. Бас бусдын анхаарлыг татахад улаан өнгө хамгийн тохиромжтой. Улаанаар бичсэн үг эсвэл улаан объект хүний анхаарлыг хамгийн их татдаг. Түүнчлэн улаан машин хурд хүчийг бэлгэддэг.

Дээр дурдсанчлан өнгө бүр хоёр талын утгыг агуулж, хүмүүст мессеж хүргэж байдаг. Тухайлбал хөх өнгө сөрөг талдаа ганцаардсан байдал, уйтгар гуниг, депрессийг илэрхийлдэг байна. Ийм мэдрэмжүүдийг хүнд төрүүлнэ гэсэн үг. Харин бор өнгөний хувьд хөх өнгөтэй бага зэрэг адилхан. Гэхдээ илүү завсрын өнгө юм. Хэрэв компаний удирдлага хэцүүхэн үеийг давж байгаа бөгөөд ажилтнууддаа цаашид ажиллах итгэл үнэмшил, аюулгүй байдлыг амлах гэж байгаа бол бор өнгийн хүрэм хамаагүй нөлөөтэй юм. Бор өнгө нь ажилтнуудад тухайн хүний хэлсэн үг туйлын үнэн, аюулгүй, тайван гэсэн мэдрэмжийг төрүүлнэ. Энэ мэтчилэн цэрэг цагдаа, эмнэлэг, сургууль, тухайлсан үйлчилгээ бүхий байгууллагуудын өнгөний сонголт, дүрэмт хувцасны өнгө зүгээр нэг сонгогдоогүй гэдгийг та анхаарах байх. Орчин үед өнгөний хүмүүст үзүүлэх нөлөө, түүний талаарх шинжлэх ухаан улам л хөгжиж байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулахдаа хамгийн ихээр ашиглах болж. Тэр атугай өнгөөр хүнийг эмчлэх тусгай терапи хүртэл боловсрогдон хэрэглэгдсээр байна. 

Өнгөний тухай улам ихийг судалж мэдэхэд тань амжилт хүсье. 


Monday, November 18, 2013

Үр дүнтэй харилцааны ур чадвар#2 Аман бус харилцаа

Бид өөрт хамааралтай, чухал зүйлсийнхээ талаар ярихдаа ихэвчлэн биеийн хэлийг буюу аман бус хэлийг ашигладаг. Үүнд бидний гарын хөдөлгөөн, нүүрний хувирал, дуу хоолойны өнгө, чанга сул, тэр байтугай булчингийн агшилт, амьсгалах хурд зэрэг ч ордог. Ийнхүү ямар нэгэн үйлдэл, илрэл гаргах нь юу хэлэх гээд байгаагаас чинь ч илүү бусад хүнд таны талаарх мэдээлэл, ойлголтыг төрүүлж чаддаг.

Аман бус хэлийг ойлгож, уншиж чаддаг болсноор та өөрийгөө бүрэн зөв илэрхийлж, үүсч болох будилаантай, үл ойлголцсон нөхцөл байдлуудаас урьдчилан сэргийлж ажлын байран дээр болон бусад харилцаанд амжилттай харилцааг бий болгож, бүрдүүлж чадна.

§  Биеийн хэлэмжээ зөв ашигласнаар бусдад хаалттай мэт сэтгэгдэл төрүүлэхгүй байх зэрэг олон талын ач холбогдолтой. Тухайлбар гараа зөрүүлэн элгэндээ тэврэхийн оронд сул тавьж, нөхөрсгөөр нөгөө хүн рүү гээ инээмсэглэж, ярилцах зууртаа нүд рүү нь эгцлэн харах гэх мэтээр эерэг сэтгэгдлийг төрүүлэн, өөрийгөө нээлттэй байгаагаа илэрхийлж болох юм.

§  Түүнчлэн дамжуулж байгаа мессеж буюу мэдээндээ хүч нэмж эсвэл сулруулж ч болох юм. Найз нөхдөө, хамтран ажиллагчаа магтаж буй тохиолдолд мөрөн дээр нь хөнгөн алгадах, хэн нэгэнд муу мэдээ дуулгах гэж байгаа бол дуугаа намсгах, харцаа доошлуулах зэргээр өөрийгөө илэрхийлж болно.

Аман бус харилцааг бүрэн ойлгож дүгнэхэд мэдээж бяцхан хэмжээний авъяас хэрэгтэй. Үүнд хэрхэн суралцах практик зөвлөмжүүдийг хүргэж байна.

§  Бусдыг ажиглаж сур Олон нийтийн газар, сургууль, эмнэлэг гэх мэт ер нь хаана ч явсан бусдын үйл хөдлөл, хэрхэн биеэ авч явж байгаа, ярихдаа ямар үйлдэл, хөдөлгөөнүүдийг хийж байгаа болохыг харж болно. Гэртээ ч үүнийг хийх боломжтой. Телевизийн нэвтрүүлэг ажиглах буюу дууг нь байхгүй болгоод тухайн хүний юу ярьж байгааг тааварлаж, юу хэлэх гээд байгааг ч ажиглаж болох юм. Хаана ч, хэнийг ч ажиглаж болох учраас хамгийн хялбар суралцах эхний арга бол ажигч байдал юм шүү.

§  Хувь хүний өвөрмөц, ялгаатай байдлуудад мөн анхаарлаа хандуулаарай. Ямар улс үндэстэн, ямар соёл иргэншилтэй, хэдий орчим настай, хүйс гээд бүхий л хүчин зүйлсээс шалтгаалж хүмүүсийн биеийн хэлэмжээ илэрхийлэх, үйл хөдлөл зэрэг нь өөр өөр утга учрыг агуулж болно. Тиймээс ажиглаж буй хүнийхээ хэн гэдгээс хамаарч түүний биеийн хэлийг тайлж уншихдаа тусгаарай.

§  Аман бус харилцаанд гол анхаарах нэг зүйл бол үйл хөдлөл, илэрхийлэл бүрийг тус тусад нь харж түүнийг ойлгох гэж хичээх биш, хамгийн гол нь нэг бүхлээр нь харж ойлгох юм. Нүдний хөдөлгөөн, нүүрний булчин, гарын хөдөлгөөн, биеийн хэл гээд бүх юмыг нь нэг бүлэг болгон харж чадасанаар үнэн зөв тайлж уншиж чадна.

Аман бус харилцаагаа сайжруулах хэдэн зөвлөгөө:
§  Үг, үйл хөдлөл хоёр чинь тохирох. Биеийн хэл чинь таны хэлж байгаа зүйлийн утга санаанд хүч нэмэх ёстой болохоос эсрэгцсэн байх ёсгүй билээ. Жишээ нь та ямар нэгэн юмыг хүлээн зөвшөөрч за гэж хэлж байгаа бол толгой чинь дохих ёстой болохоос сэгсрэхгүй биз дээ.

§  Харилцагчид чинь тохирсон байх. Насанд хүрэгсэдтэй ярих ярианы өнгө, хүүхдүүдтэй ярих ярианы өнгө хоёр чинь өөр байж байж хүргэх гэсэн мессежее тухайн хүмүүстээ бүрэн хүргэж чадна шүү дээ. Яг ийм зарчмаар хүйс, соёл, улс үндэстэн зэргээс шалтгаалж тохирсон хариу үйлдэл, биеийн хэлэмжийг гаргах дээр анхаарах хэрэгтэй.


§  Эерэг мэдрэмж төрүүлэх биеийн хэлийг ашиглах. Өөрөө тэгж мэдэрч чадахгүй байсан ч хамаагүй тухайн мэдрэмжийг бий болгож болох биеийн хэлийг ашиглах хэрэгтэй. Жишээ нь ажлын ярилцлагадаа та нилээн сандарч мэгдсэн байна гэж бодъё. Тэгвэл хичнээн өөртөө итгэлгүй, сандарч байсан ч өөртөө итгэлтэй байгаа мэтээр аяглаж тийм биеийн хэлийг ашиглаж чадвал аяндаа тийм байгаадаа өөртөө ч итгэх болно. Толгойгоо өргөж, мөрөө цэх явж, бусадтай харц тулгарах, харцаа шилжүүлэх, гар барихдаа өөртөө итгэлтэй барих гэх мэтээр

Sunday, November 17, 2013

Харилцааны ур чадвар /Нэгдүгээр хэсэг /

Хэрхэн хүнтэй харилцах ур чадвараа дээшлүүлэх вэ?



Үр дүнтэй, эерэг харилцаа холбоо үүсгэх нь харилцагчаа илүү сайн ойлгох, тулгарсан хүндрэл бэрхшээлийг илүү хялбараар шийдвэрлэх, итгэлцэл, хүндлэлийг бий болгох, бүтээлч санаа, асуудал шийдвэрлэх, бусдад нөлөөлөлөх, тэдэнд санаа тавих зэрэг эерэг уур амьсгалыг төрүүлэхэд хамгийн ихээр тусалдаг. Хэдийгээр бусадтай харилцахад туйлын энгийн, ойлгож цөхөх юмгүй мэт санагдавч бид үргэлж л хэн нэгэнтэй харилцахдаа үл ойлголцлыг бий болгосоор явдаг билээ. Үл ойлголцол бий болсноор ажлын болон хувийн харилцаанд зөрчил маргаан, уур бухимдлыг төрүүлэх үндэс болно. Зүгээр л харилцааны ур чадвараа бяцхан хэмжээнд ч болов сайжруулснаар та бидний тэр бүх асуудал багасах, хамтран ажиллагч, найз нөхөд, гэр бүлийнхэн гээд бусадтай эерэг холбоо тогтоож чадах юм.

Үр дүнтэй харилцаа гэж юуг хэлэх вэ?

Өнөө үед харилцааг зөвхөн мэдээлэл солилцох үйл явц гэж ойлгох нь өрөөсгөл. Харин тэр мэдээллүүдийн ард байгаа сэтгэл хөдлөл, утга учрыг ойлгох, хүлээн авах процесс гэж нэрлэж болох юм. Үр дүнтэй харилцаа  нь таны ажил, гэр бүл, ойр дотны хүрээлэл гээд бүхий л орчинд бусадтай тогтоосон тэр холбоог чинь улам гүнзгийрүүлэх гүүр, тэгээд ч болоогүй багаар ажиллах, шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэхэд чинь хамгийн том дэмжлэг болно. Сөрөг, хэцүүхэн мэдээллийг ч ямар нэгэн зөрчил маргаан гаргахгүйгээр, тогтоосон итгэлцлээ алдахгүйгээр дамжуулах арга бол зөвхөн сайн харилцаа, тэр харилцааг бий болгох харилцааны ур чадвар гэдэгт итгээрэй. Тэгвэл энэ үр дүнтэй харилцаа  нь аман бус харилцаа, анхааралтай сонсох, стрессийг удирдан зохицуулах, өөрийн сэтгэл хөдлөл болон бусдын сэтгэл хөдлөл, хандлагыг ойлгох, хүлээн авах зэрэг бүхий л чадваруудын нийлмэл цогцолбор юм.
Нэгэнт л харилцааны ур чадварт суралцаж, эзэмшиж болдог тул хурдтайгаар өөрийгөө өөрчлөн бэлтгэх хэрэгтэй.


Үр дүнтэй харилцааны ур чадвар #1 Сонсох
Үр дүнтэйг харилцааг бий болгоход “сонсох” бол хамгийн чухал чадвар юм. Сонсоно гэдэг нь өөрөө тухайн харилцагчийнхаа юу хэлж буйг анхааралтай сонсох, хүргэх гээд байгаа мэдээллийг нь ойлгохоос гадна харилцагчийнхаа сэтгэл хөдлөл, мэдрэмжийг ойлгох үйл явцыг бас багтаадаг. Зүгээр л сонсоод өнгөрөх биш, чин сэтгэлээсээ анхааралтайгаар сонсож түүндээ дүн шинжилгээ хийнэ гэсэн үг юм.

Идэвхитэй сонсох хэлбэр бол:
-          Яриаг нь анхааралтай сонсож, өөрийг нь ойлгож байгаа тэр мэдрэмжийг харилцагчдаа төрүүлэх явдал юм. Ингэснээр та хоёрын хоорондын харилцаа илүү хүчтэй, гүнзгий болж чадна.
-          Хоёр тал хоёулаа аюулгүй, тайван байдлыг мэдрэх тийм орчинг бий болгох буюу өөрсдийн санаа, үзэл бодол, мэдрэмж, асуудлуудыг хоорондоо чөлөөтэй хуваалцаж болох харилцааг бий болгох юм.
-          Өгч буй мэдээллийг сайтар тодруулж, асууж лавлах. Ингэснээр та хоёрын хооронд зөрчил, буруу ойлголцол үүсэхээс сэргийлж, улмаар ирээдүйн цагийг тань ч хэмнэх юм.
-          Сөрөг энергээс чөлөөл.  Хэрэв та мэдээлэл хүргэгч буюу яригч тал бол, мөн та маш их уур бухимдал, гомдол зэрэг сөрөг энергийг агуулж байгаа бол харилцагч тань таныг анхааралтай сонсож, бас таныг ойлгож дэмжиж байна гэдгийг мэдэрснээр энэ бүхнээс бага ч атугай хуваалцаж, сөрөг энерги чинь багасч буй мэт мэдрэмж төрнө. Яг үүний адилаар хэрэв та хэн нэгнийг сонсож байгаа бол ийм л мэдрэмжийг төрүүлэх хэрэгтэй юм. Зовлон гуниг тохиолдсон үед найз нөхөд, гэр бүлийнхэндээ ярьснаар тайвширдаг шиг бусдыг идэвхитэй сонсоно гэдэг тэдэнд хамгийн их тусламж болдог.

Идэвхитэй сонссоноор таны харилцагч болон та хоёрын хоорондох харилцаа эерэг уур амьсгалтай болно.



Идэвхитэй сонсох аргад сурах зөвлөмжүүд
Бусдыг бүрэн ойлгож, тэднийг мэдэрч чадна гэдэг ихэвчлэн хүнд байгалаас заяасан авъяас байдаг. Гэхдээ тийм чадвар заяагаагүй ч түүнд суралцах боломж бүрэн бий. Учир нь хүн бүрт нуугдмал харилцааны ур чадвар буюу тэдний дундаас идэвхитэй сонсож, бусдыг ойлгох чадварыг байгалаас заяасан байдаг юм. Суралцана гэдэг нь өөрөө тэр чадвараа ил гаргах тэр үйл явцыг л хэлж байгаа хэрэг. Хэдий чинээгээр сонсож чадна, төдий чинээгээр та бусадтай харилцах харилцаагаа сайжруулна гэсэн үг.

§  Харилцагчдаа төвлөр. Зөвхөн ярьж байгаа зүйлд нь биш харин давхар биеийн хэл, хэрхэн илэрхийлж буйд нь ч бас төвлөр гэсэн үг юм. Юуг яаж хэлж байна гэдгийг тайлж чадвал бид нөгөө хүнийхээ бодол санаа, сэтгэл мэдрэмжийг бүрэн дүүрэн ойлгох боломжтой. Хэрэв хэн нэгний яриа болон үйл хөдлөлд нь анхаарахад хэцүү санагдаж байвал түний хэлсэн үг, өгүүлбэрүүдийг толгойндоо давтан хэлж байх нь түүнийг ойлгож, төвлөрөхөд чинь туслах болно.
§  Саад болохоос татгалз. Харилцагч хүнийхээ ярианд саад болохоос аль болох татгалз. Эхлээд түүнийг анхааралтай сонсох нь түүнийг ойлгоход хамгийн том гүүр болно. Нөгөө хүнээ юм ярих зуур өөрийнхөө юу хэлэхийг бодоод байвал та нөгөө хүнээ бүрэн ойлгож чадахгүй шүү дээ. Гол нь өөрийн санаа бодлыг зөв цагт л хэлэх хэрэгтэй. Зөв цагийг олохын тулд харилцагчийнхаа пауз авах эсвэл зөвлөмж хүссэн харц, нүүрний илэрхийлэл, биеийн хэлийг ажигласныхаа дүнд эхэлж болох юм.
§  Үнэлж, дүгнэхээ азна. Эерэг, үр дүнтэй харилцааг үүсгэхийн тулд заавал харилцагчдаа дуртай эсвэл дургүй, тэдний үзэл бодол, санаатай зөрчилдөх эсвэл санал нийлэх албагүй. Гэхдээ харилцагчаа ойлгохын тулд түүний талаарх хувийн бодол, шүүмжлэлт сэтгэлгээнээсээ түр ч гэсэн салах хэрэгтэй. Ингэснээр юу хэлэх гээд байгаад нь гол анхаарлаа хандуулж чадна. Үүнийг л хэрэгжүүлж чадвал таны хамгийн хэцүү харилцаа ч хамгийн үр дүнтэй харилцаанд шилжиж чадах юм.
§  Сонирхолтой байгаагаа харуул. Харилагчийнхаа яриаг үнэхээр сонирхож байгаа гэдгээ харилцагчдаа мэдрүүлэх нь чухал. Түүний яриаг анхааралтай сонсхоос гадна ойлгож сонсож байгаа гэдгээ мэдрүүлэхийн тулд толгой дохих, ммхан, тийм үү зэрэг үгсийг хэрэглэх, өөдөөс нь инээмсэглэх зэргээр өөрийгөө нээлттэй байгаа гэдгээ харуулах хэрэгтэй. Биеийн хэлэмжиндээ ч анхаарах хэрэгтэй. Хоёр гараа энгэртээ зөрүүлж сонсох нь нөгөө хүндээ таагүй сэтгэгдэл төрүүлдэг шүү.


Wednesday, November 6, 2013

Стресс менежмент стратеги

Өмнөх нийтлэлд стресс менежмент гэж юу болох, түүнийг хэрэгжүүлэхийн тулд стрессийн эх сурвалжаа тодорхойлж, тэдгээртэй тэмцэх арга барилууддаа өөрчлөлт оруулснаар хэрхэн стрессээс ангижирч болохыг өгүүлсэн билээ. Харин одоо танд хамгийн хэрэгтэй стратегиудыг буюу арга замыг тань зааж өгч байна.


Стратеги #1 Шаардлагагүй стрессээс аль болох зайлсхий

Бүх стресст хүчин зүйлээс татгалзаж, холуур тойрч чадахгүй ч гэсэн танаас шалтгаалсан болон шалтгаалаагүй олон хүчин зүйлсээс татгалзаж, өөрийн стрессээ бууруулж болно. Тухайлбал:

·         Үгүй гэж хэлж сур: Өөрийн хийж чадах, хариуцлага үүрэх хэмжээ, хязгаараа мэдэж, түүндээ тохирсон ачаалал авснаар таныг стрессдүүлдэг тэр бүх сөрөг хүчин зүйлсээс ангижрах боломжтой. Тухайлбал та үнэхээр амжихгүй эсвэл хүсэхгүй байгаа юмыг онцын шаардлагагүй үед хүлээн зөвшөөрч хийх хэрэггүй. Уучлаарай, чадахгүй нь, амжихгүй нь эсвэл шулуухан үгүй гэж хэлж сурснаар таныг стрессдүүлдэг сөрөг дарамт үгүй болох боломжтой.

·         Танд сөрөг мэдрэмж төрүүлдэг, стрессдүүлдэг хүмүүсээс зайгаа барь: Хэрэв хэн нэгэн таны амьдралд сөрөг энергийг авчирч, түүнээс болж та стрессддэг, дээрээс нь түүнтэй холбогдсон харилцаа, холбоогоо өөрчилж чадахгүй байгаа бол зүгээр л тэр хүнтэй хамт өнгөрөөх цаг хугацаагаа багасгах хэрэгтэй. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд зарим найз нөхөд нь энэ хүрээнд хамаардаг тул стрессээ багасгахын тулд тэднээсээ зайгаа барих нь илүү ашигтай юм.

·         Орчин тойрондоо хяналт тавь: Оройны мэдээ үзэж байнга стрессддэг бол телевизээ л унтраа, замын түгжрэл бухимдлыг чинь төрүүлдэггүй бол түгжрэл багатай зам хайж олох эсвэл арай эрт гарч өөр замаар явах гэх мэт. Орчин тойронд чиь байнга байдаг стрессийн эх сурвалжийг та л өөрөө зохицуулна.

·         Халуун сэдвүүдээс татгалз: Хүн бүрт ярих дуртай, гэсэн ч эцэстээ бөөн бухимдал болж дуусдаг сэдвүүд байдаг. Хэрэв та нэг сэдвийг нэг л хүрээний хүмүүстэй давтан ярилцдаг, түүнээсээ болоод бухимдаж стрессддэг бол тэр сэдвээ хаях л хамгийн зөв шийдэл юм.
·         Хийх ажлын жагсаалтаа шинэчил: Хэрэв ачаалал чинь хат давсан байгаа бол хийх ёстой зүйл, хэрэгтэй зүйл, яаралтай, яаралгүй гэх мэтчилэн ажлуудаа ангилж цэгцлээрэй.

Стратеги #2 Нөхцөл байдлыг өөрчил

Хэрвээ стрессийн эх сурвалж, эсвэл тийм нөхцөл байдлаас зайлсхийж чадахгүй байгаа бол түүнийг өөрчлөхөөр хичээх хэрэгтэй. Зарим зүйлсийг өөрчилснөөр ирээдүйд тухайн асуудал чинь яг тэр хэвээрээ бууж ирэхгүй нь ашигтай. Энэ өөрчлөлт гэдэгт ихэвчлэн таны өөрийн харилцаа, өдөр тутамдаа гаргадаг зан үйл чинь багтдаг.

·         Өөрт төрсөн мэдрэмж, сэтгэгдлээ хадгалж үлдээхийн оронд илэрхийл: хэрэв хэн нэгэн танд таагүй мэдрэмж төрүүлэх үйлдлүүдийг хийсээр байх, эсвэл ямар нэгэн хэмжээгээр та хоёрын харилцаанд зөрчил байгаа бол өөрийн сэтгэгдэл, мэдрэмжээ нууж үлдээхийн оронд соёлтой, эелдэг байдлаар тухайн мэдрэмжээ илэрхийлсэн нь дээр. Ингэснээр та өөрийн сэтгэл хөдлөлийг зөв зохистой аргаар илэрхийлж гаргах, улмаар өөрийгөө блоклохгүй ач холбогдолтой.

·         Буулт хийхэд бэлэн бай: хэрэв та хэн нэгнээс өөрчлөлтийг хүсэж байгаа бол өөрийгөө ч бас өөрчилж харуулах хэрэгтэй. Харилцаанд болон өөр бусад хүчин зүйлс дээр зөв буулт хийж чадсан тохиолдолд та ч, нөгөө харилцагч тань ч сэтгэл хангалуун үлдэнэ. Зарим үед хэт хэлбийхгүй, төвийг сахих нь ч бас харилцаанд чухал нөлөө үзүүлдэг.

·         Илүү өөртөө итгэлтэй, эрч хүчтэй байгаарай: Өөрийнхөө амьдралд эзэн нь байж хойш суухаас татгалзах хэрэгтэй. Асуудлуудтай нүүр тул, тэмц, хэзээ ч бүү бууж өг. Маргааш чухал ажилтай бол өнөөдрийн яриагаа дуусгаад очиж бэлд, хий дэмий сэлгүүцэхийн оронд ирээдүйн зорилгодоо хүргэх ямар нэгэн юмыг хий. Амьдралынхаа төлөө эрч хүчтэйгээр тэмцсэнээр та өөртөө итгэх итгэлийг ч олж авна.

·         Цагаа зөв зохион байгуул: Цагийн менежмент сул байх нь таны стрессийн гол эх сурвалжуудын нэг юм. Сайн бодож нарийн төлөвлөсөн үед хийж амжуулах зүйлс нь ч тодорхой байдаг. Ингэснээр хэт их ачааллаас зайлсхийж ч болох юм.

Стратеги #3 Дасан зохицох

Хэрэв тухайн стрессийн эх сурвалжийг өөрчилж чадахгүй бол өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Хүн бүр стресс бүхий нөхцөл байдалд дасан зохицох чадвартай байдаг ба дасан зохицно гэдэг нь энэ тохиолдолд  хүлээлт болон хандлагаа өөрчлөх үйл явц юм.

·         Асуудлыг өөрөөр хар. Үүсч буй нөхцөл байдал, асуудлыг харж буй өнцгөөсөө өөрөөр хараад үз. Жишээ нь замын түгжрээнд суухдаа бухимдах биш оронд нь өөртөө зарцуулах хэсэгхэн хугацааг ч болов гаргаж өгч байна гэж бодож яагаад болохгүй гэж. Дуртай радиогоо сонсож эсвэл өөртөө дүн шинжилгээ хийхэд замын түгжрээ тусалж болох юм.

·         Томоор хар. Стресс бүхий нөхцөл байдлыг оношилж дүгнэ. Үүсээд байгаа нөхцөл байдал, асуудал үнэхээр таны амьдралд удаан хугацаанд сөрөг нөлөө үзүүлэх, жил, хэдэн сараар үргэлжлэх зүйл үү? Үнэхээр энэ асуудлыг бодож сэтгэл санаагаар унах шаардлагатай юу? Хэрэв үгүй бол өөрийн эрч хүч, сэтгэл санаа, цаг хугацаагаа өөр хэрэгтэй зүйлд зарцуулсан нь дээр биз дээ.

·         Өөрийн зарчим, шаардлагуудаа эргэн хар. Төгс төгөлдөр рүү тэмүүлэх нь хүнийг стресст оруулах бас нэг том хүчин зүйл юм. Тиймээс хийж чадах бүхнээ хийгээд түүндээ сэтгэл хангалуун байж сурах хэрэгтэй.

·         Эерэг зүйлд төвлөр. Та стрессдэж бухимдаж байгаа бол түр ч гэсэн өөртөө зав гаргаад амьдралдаа баярлаж явдаг, сэтгэл хангалуун байдаг эерэг зүйлсээ эргэн нэг бодоорой. Юм бүхэн тийм ч муу биш. Байнга үргэжлэх хэцүү зүйл гэж байдаггүй билээ.

Стратеги #4 Өөрчилж чадахгүй зүйлсээ хүлээн зөвшөөр

Зарим хүчин зүйлсийг үнэхээр яаж ч хичээгээд өөрчилж эсвэл алга болгож чадахгүй байх нь бий. Тухайлбал хайртай хэн нэгнээсээ хагацах, хүнд өвчин тусах, байгалийн гамшиг тохиолдох гэх мэт. Та нөхцөл байдлыг нь ч өөрчилж чадахгүй, дээрээс нь танаас гарах өөрчлөлт ч нэмэргүй бол энэ бүгдийг хүлээн зөвшөөрч болох юм. Нэгэнт тохиолдсон юмыг эргэж буцаах боломжгүй байдаг. Ийн нөхцөл байдлыг байгаагаар нь хүлээн зөвшөөрснөөр түүнтэй тэмцэлдэх удаан хугацааны үр дүнгүй аянгаас таныг аварна. Хэдий харамсалтай хэрэг болсон байж болох ч өнгөрснөөс илүү ирээдүй рүүгээ харж амьдрах нь бидний мөн чанар билээ.

·         Хянаж болохгүй нөхцөл байдлыг хянах гэж хичээх хэрэггүй. Биднээс шалтгаалахгүй маш олон зүйл байдаг. Тухайлбал бид хичнээн хичээсэн ч бусдыг өөрчилнө гэдэг амаргүй даваа. Харин тэр эрч хүчийг өөрийнхөө шийдэж чадах асуудлуудад зарцуулсан нь дээр. Асуудлыг чамаас шалтгаалсан шийдэж чадах, чамаас шалтгаалахгүй-шийдэж чадахгүй гэж хуваах нь мөн үр дүнтэй.

·         Боломжийг олж хар. Тулгарч буй асуудал бүхэн танд шинийг сурах, туршлагажих, өөрийгөө сорих боломжийг олгож байдаг. Хэрэв та өөрийн буруугаас үүдээд шаналж байгаа бол зөвхөн бухидахын оронд түүнээс хэрхэн суралцахаа бодоорой.

·         Мэдрэмжээ хуваалц. Дотны хэн нэгэнтэй эсвэл мэргэжлийн хүмүстэй уулзалт товлон өөрт тохиолдсон асуудал, нөхцөл байдлыг ярилцах нь өөрөө ужгирч мэдэх тэр стрессээс гаргахад маш сайн эм болдог. Дотроо байгаа бүхнээ ярьж, хуваалцах нь таныг эрүүл байхад тусална.

·         Уучилж сур. Бид төгс төгөлдөр хорвоо ертөнцөд амьдраагүй. Нэгэнт л хүн бүр алдаа хийдэг болохоор уур, бухидал, өшөө, хорслоо өнгөрөөж уучилж сурах хэрэгтэй. Та өөрөө ч алдаа хийдэг байтал хэн нэгнийг алдаа хийсний төлөө огт уучлахгүй байж болно гэж үү? Өөрийгөө тэр бүх сөрөг энергээс чөлөөлж, уучлан тайвшралыг олж, цааш хөдлөөрэй.

Стратеги #5 Амрах, хөгжилтэй байх цагийг өөртөө гарга


Өөрийгөө хөгжүүлж, өөртөө анхаарал хандуулснаар стрессээ бууруулах ач холбогдолтой.
Амарт тайвшрах эрүүл аргууд


Гадуур алх
Халуун цай эсвэл кофе уух
Байгаль, эрүүл агаарт цагаа өнгөрүүл
Тэжээмэл амьтантайгаа тоглох, эрхлүүлэх
Дотны найзтайгаа уулз
Массажинд орох
Биеэ чийрэгжүүл
Хөгжим сонсох
Ваннанд суух
Хошин шог үзэх гэх мэт
Бага зэргийн чихэрлэг зүйл идэх


·         Амралтын цаг гаргах. Өдөр бүрийн цагийн хуваарьтаа амрах, тайвшрах цагийг заавал гаргаарай. Ингэснээр ажиллах эрч хүчээ нөхөж авах боломжтой

·         Бусадтай, харилцаа, холбоо тогтоо. Амьдралыг чинь гэрэл гэгээтэй болгодог, чамайг дэмждэг хүмүүстэйгээ уулзаж, эрч хүч авч байхаа мартуузай.

·         Өдөр бүр ямар нэг хөгжилтэй зүйл хий. Өөрт чинь хөгжөөн, эрч хүч бэлэглэх бяцхан ч гэсэн хобби, сонирхолтой бол. Дугуй унах, хөгжим тоглох, шүлэг бичих өөр юу ч байсан болно.

·         Хошин шогийн мэдрэмжээ дээшлүүл. Чин сэтгэлээс инээх бол стрессээс ангижрах энгийн хэрнээ хамгийн үр дүнтэй арга. Инээснээр хүний бие махбод стрессээс өөрийгөө ангижруулж байдаг.

Стратеги # 6. Эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүл.

Бие махбодоо эрүүл чийрэг байлгаснаар стрессээс урьдчилан сэргийлэх дархлаа чинь нэмэгдэнэ.

·         Дасгал хий. Өдөр тутамдаа хөнгөн дасгал хийж хэвшсэнээр стрессийг багасгаж, түүнд өртөхгүй байх магадлалыг нэмэгдүүлдэг ач тустай. Нэг өдөрт ядаж л 30 минутын дасгал хийх хугацааг гаргаж, долоо хоногийн 3 өдөр хийхэд л болно. Биедээ бага зэргийн ачаалал өгч, хөдөлж байх нь өөрөө стрессээс сэргийлэх шилдэг эм.

·         Эрүүл хоолло. Өөрийн хооллолтондоо бага зэрэг анхаарал тавьж хортой зуршил, хооллолтоосоо багахан ангижрахад л хангалттай. Өглөө бүр өглөөний цай ууж хэвших нь л өөрөө эрүүл хооллолтын эхлэл болно.

·         Каффейн, чихэр багасга. Энэ хоёр зүйл орсон хүнсний бүтээгдэхүүнийг багасгаснаар бие чинь хөнгөрч стресст өртөх магадлал багасна.

·         Архи, тамхи, мансууруулах төрлийн бодисноос татгалз. Архи, тамхи зэргийг хэрэглэх нь стрессээс амархан гарах арга мэт харагдаж байж болох ч тэрхүү өгч буй тайвшрал нь ердөө түр зуурын, аргацаасан байдаг. Тэр ч байтугай тухайн нөхцөл байдал, асуудлыг улам л лавшруулж байдаг.

·         Нойроо хангалттай авах. Ядрах нь эрүүл мэндэд ч, сэтгэл санаанд ч стресстэх гол нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс сайн амарч, хангалттай нойр авах нь эрүүл мэндээ хамгаалах томоохон арга зам юм.  


Хүн бүр өөр өөрийн гэсэн онцлогтой тул өөрт тохирсон аргуудаа сонгон хэрэглээрэй. Та бүхэнд амжилт хүсье.